Хойд хөршийн геополитикийн ”тэнсэн”

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Хойд хөршийн геополитикийн ”тэнсэн”

Оросууд
төмөр зам дахь эрх мэдлээ улам чангатах болов уу гэтэл тэгсэнгүй. Харин
ч “уяагаа суллаж” Засгийн газрын хүссэнээр Т.Очирхүүг нь “явуулж” өгөв.
Гэхдээ энэ нь яг нэг жилийн хугацаатай. Өөрөөр хэлбэл нэг жилийн
хугацаанд УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Сэрээнэндоржийг томилсон.
Хэдийгээр зуугийн талыг насалсан ч нам бус гэх энэ эр 1987 оноос хойш
төмөр замд, тэр тусмаа 10 гаруй жил ерөнхий инженерээр ажилласан гэх
шалгуураар АН-ынхны томилгоог зөв, гоё харагдуулав. Ямар сайндаа
Ц.Нямдорж хүртэл хүлээн зөвшөөрч алга ташмаар бай­гаагаа мэдэгдэж байх
вэ.

Гэвч тэд бялууныхаа нэгэн чухал зүсэмд намынхнаа нааж орхихоо
мартсангүй. Ту­хайлбал УБТЗ-ын Ерөн­хий хорооны гишүүнээр томилогдсон
Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газ­рын дарга Ё.Манлайбаяр, ЭЗХЯ-ны Гадаад өр, эдийн засгийн
хамтын ажиллагааны бод­логын хэрэгжилтийн газрын дарга Д.Болдбаатар
нарыг АН-ынх гэлцэж байна.
Мөн “хос” Морозов ч Ерөнхий хороон дахь
өөрийн талын гурван төлөөлөгчөө сольсон. Уг нь оросууд “Энэ сэдвээр
асуудал хэлэлцсэн тохиолдолд зөвхөн орос хүнийг л томилно” гэсэн хариу
өгөөд байсан билээ. Гэтэл яагаад Н.Алтанхуягийн Засгийн газарт арай өөр
хариу өгч, зөөлрөөд явчихав. Үүний цаана олон нууц бий биз ээ. Хамгийн
наад зах нь гэхэд л төмөр замын зүтгүүрийн засварын гэрээт ажилд оросууд
оролцох сонирхлоо эртнээс илэрхийлж байсан. Манай тал оросуудыг
оролцуулахгүй гэсэн байр сууриа энэ удаад, тодруулбал Д.Сэрээнэндорж
тэргүүтний томилгооны дараа өөрчлөв. Оросуу­дын хувьд төмөр замаас хэдэн
ногоон тонших гэсэн хүсэлтэй байж. Ингээд уг зүтгүүрийн ажилд ОХУ-ын
“ТМХ сервис” оролцох болсон. “ТМХ сервис” бол 2010 оны зур­гаадугаар
сард байгуулагдсан, “Трансмашхолдинг”-ийн охин ком­пани юм. Вадим
Николаевич Мо­розовын энэ наймааны тухай өн­гөрсөн оны дөрөвдүгээр
сараас л Оросын хэвлэлүүд  мэдээлж эхэлсэн. Хариуд нь Засгийн газарт
УБТЗ-ын Ерөнхий хорооны бүрэлдэхүүнд нэг жилийн хугацаатай ажиллах
боломж олгосон гэсэн үг. Харин нэг жилийн дараа гэрээний дагуу оросууд
ам бардам өөрийн хүнийг томилох биз ээ.

Нөгөөтэйгүүр оросууд
байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах удаа дараагийн хүсэлтэд маань
хэзээ ч нааштай хариу өгч байсангүй. Учир нь тэд үүнийг зөвшөөрсөн
тохиолдолд Монголоос хүссэнээ авч болно гэж бодож үнэрхсээр байв. Гэвч
Монгол зөвхөн Оростой л түнш байсан тэр цаг үе ард хоцорч дэлхийн
анхаарлыг татах болсныг үл ойшоон “алтан хөрш” гэх том боломжоо алдаж
буйгаа дэндүү хожуу ухаарсан гэхэд хилсдэхгүй. Үе үеийн монгол
удирдагчид гадны өндөр хэмжээний зочидтой уулзах бүртээ “ОХУ-ыг Дэлхийн
худалдааны байгууллагын гишүүн орноор бүртгэж аваач” гэх ах нарын
цээжлүүлсэн үгийг байнга дамжуулж байсан. Учир нь дэлхийн нөлөө бүхий
хүмүүс Монголын байр суурийг сонсдог болсон гэсэн үг. Эдүгээ тэд
зорьсондоо хүрсэн ч “буруу харсан хатиг” шиг байдлаар хамтарч буй. Наад
зах нь цагт 200 км замыг туулах чадалтай зорчигч тээвэр, 140 км/цагийн
хурдтай чингэлэг тээврийг нэвтрүүлэх 7000 км урттай хурдын замын
“Транссиб” төсөлдөө Монголыг оролцуулж болох л байсан. Гэтэл хятадууд
бор зүрхээрээ 15 жил зүтгэж байж Дэл­хийн худалдааны байгууллагад элсэх
эрх олж авч байсан. Хятадын сайн сайхны төлөө Монгол хэзээ ч хэн нэгнээс
гуйж байгаагүй юм.

Мэдээж Хятадын талынхан Тяньжин-Эрээний
чиглэлийн ачаа тээврийн үнийг урьдчилан мэдэг­дэлгүйгээр нэмсэн зэргээр
“шогтох” явдал бишгүй л гарсан. Гэвч төмөр замын салбараа хөгжүүлэх,
шинэ төслөө хэрэгжүүлэхэд олон талаар тус нэмэр болсоор байна. Жишээ нь,
өнгөрсөн долоодугаар сард тус улсын “China South Railway” корпораци
манай төмөр замд их хэмжээний тоног төхөөрөмж, машин механизм
нийлүүлэхээр болсон. Уг нь тэдэнд Монгол, Оросын төмөр замын хөд­лөх
бүрэлдэхүүний пар­кийг нэмэг­дүүлэх жигтэйхэн том ашиг сонирхол байгаа
гэвэл хэн ч итгэхгүй. Харин үүнтэй барьцах мэт оросууд зүтгүүрийн
төслийг сонирхож эхэл­лээ. Энэ бүхэнд улс төр, эдийн засаг,
геополитикийн ямар байр суурь, бодлого баримталж хамтрах нь шинэчлэлийн
Засгийн газар хий­гээд зам тээврийн салбарын асуудал гэхээсээ илүү
тусгаар тогтнолд онцгой хамааралтай “VIP” зэрэглэлийн сэдэв юм. Дээрх
гадаад нөлөөллөөс гадна төмөр зам дахь дотоод нөлөөлөл анхаарал татсаар
байна.

Төмөр замд тун удахгүй “десант” бууна. Үүнийг реформ гэж
хэлж болох ч гар, сэтгэл нийлэн ажиллаж буй их бүтээн байгуулалтын
эх­лэлийг хэрхэн тавих нь хүлээлт үүсгээд байна. Юуны өмнө өмнөх Засгийн
газрын үед “хулгайн” замаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчин
Засгийн газрын хуралдааны тогтоолд өөрчлөлт оруулж Х.Баттулгын нууц
гэрээ буюу шинэ төмөр замын төслийг өөрчилсөн тэрхүү алдааг засах ёстой.
Мөн экс Засгийн газар энэ оны долоодугаар сарын 4-ний хурал­даанаараа
“Эрдэнэт-Мөрөн-Овоот” чиглэлд 628 км төмөр зам барих шийдвэрийг “Aspire”
группийн эрх ашигт нийцүүлэн гаргасан. Энэ шийдвэрийг ч шинэчлэлийн
Засгийн газар цуцлах нь лавтай. Учир нь уг шийдвэрийн цаана “Алтай
конст­ракшн”-ын Х. Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Х.Бадамдамдингийн хүү
Б.Баттүвшин тэргүүтэй “Aspire mining”-ийн монгол талын хувьцаа
эзэмшигчдийн эрх ашиг байгаа нь ч нэгэнт тодорхой болсон.

Дээр нь
“Noble” групп, “Crown Phosphate International BV” групп гээд улс төр,
бизнесийн том бүлэглэлүүдийн ашиг сонирхол ч бий. Харин экс Засгийн
газар бүрэн эрхээ шилжүүлэхээс урьтаж “Төмөр замын тээврийн талаар
төрөөс баримтлах бодлого”-оос хазайн уг төмөр замыг барих эрхийг тус
группийнхэнд өгсөн. Энэ нь Хөвсгөл далайг цаазлах шийдвэр гаргасантай
ижил явдал болсон гэж  газар нутгаа хамгаалах хөдөлгөөнүүд үзэж буй нь
үнэний хувьтай. Тэгэхээр төмөр замын сал­барт тун удахгүй буух “десант”
энэ бүхнийг зөв тийш залуурдаж улс орны нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаж
чадна гэдэгт итгэж байна.

У.ОРГИЛМАА

ЭХ СУРВАЛЖ: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж