
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх механизмыг сайжруулах зорилгоор томоохон дэд бүтцийг бий болгох гэнэ. Үүн дотороо авилга, хүнд хүний наймаа, хар тамхи, мөнгө угаах, экологийн гэмт хэрэгтэй тэмцэх дэд бүтэц буюу мөрдөх албыг тусад нь байгуулах юм байна. Харин шүүх одоогийнх шиг засаг захиргааны нэгжид тулгуурлан дүүрэг дүүрэг дээр биш, тойргын зохион байгуулалтад орох гэнэ. Тодруулбал, зургаан дүүргийн шүүхийг нэгтгэж, хоёр том шүүхийг нийслэлийн хэмжээнд байгуулах аж.
Шүүх байгууллагын шинэчлэлтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэлийн алба ч бас өөрчлөгдөх гэнэ. Өнөөдөр 7000 гаруй хоригдлыг 200-300-гаар нь 23 хорих байранд хорьж байгаа. Хорих ангиудын жилийн төсөв 24 тэрбум гаруй төгрөгт хүрсэн ч нэг ялтанд ноогдох харгалзагчийн тоо хүрэлцээгүй байгаа аж. Стандартаар бол нэг харгалзагч 20 хоргдлыг хянах ёстой атал өнөөдөр нэг харгалзагчид 80 хоригдол ноогдож байгаа. Хорих ангиудын зардал барилга байшин, захиргааны бүтфээ санхүүжүүлэхэд явчихаад яг хоригдолтой ажилладаг хянагчид нь хүрэлцдэггүй байна. Тиймээс улсын хэмжээний төвлөрсөн хорих ангиудыг нэгтгэн 1000-1500 хоригдолтой 5-6 том хорих анги байгуулбал зардал багасч, хянагчдынхаа орон тоог нэмэх боломжтой юм. Ингэвэл одоогийн 23 ангийг хяналтын камераар хангах зардлаас зургаан том хорихыг хяналтын камераар хангах зардал гурав дахин бага тусах юм байна. Харин урсгал зардал бол тав дахин буурна гэдгийг сайд хэллээ.