Үйлдвэрлэлийн ослоор энэ онд 29 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэлийн ослоор энэ онд 29 хүн нас баржээ

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” холбогдох албаныхантай уулзалт зохион байгууллаа. Тэрбээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн асуудал болон үйлдвэрлэл, уул уурхай, барилга, зам тээвэр зэрэг дэд бүтцийн салбарт гарсан үйлдвэрлэлийн ослын шалтгаан, нөхцөл болон цаашид авах арга хэмжээг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцсон юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн есдүгээр сард хийсэн шалгалтын дүнгээр нийслэлд 520 барилгын ажил гүйцэтгэж буй 501 аж ахуй, нэгж байгууллагын 52,7 хувь буюу 263 байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг ерөнхий инженер буюу талбайн инженерт давхар хариуцуулан ажилладаг байна. Тэгтэл 423 аж ахуйн нэгж буюу 84,7 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөлийг байгуулаагүй байжээ. 

2007-2011 онд улсын хэмжээнд 1969 удаагийн үйлдвэрлэлийн осол гарснаас уул уурхайд 369, барилгын салбарт 346, зам тээврийн салбарт 189, эрчим хүчний салбарт 115 осол гарсан байна. 2012 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн осол 198 удаа гарч, 29 хүн амь насаа алдсан гэсэн судалгааг мөн гаргасан байдаг аж. Тиймээс төр, төрийн бус байгууллагуудтай хамтран хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, аюултай, хортой нөхцөлийг бууруулахын тулд Хөдөлмөрийн яам холбогдох яамдуудтай хамтран ажиллана гэдгийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав онцолж байлаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж