Хууль зүйн сайд мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сайд мэдээлэл хийлээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, хууль зүйн салбарт ирэх 2013-2014 онд хийгдэх шинэчлэлийн бодлогыг танилцууллаа. Тэрээр хууль, шүүхийн байгууллагын ачаалал жигд бус байгаагаас иргэдэд чирэгдэл учруулж, хэрэг таслан шийдвэрлэх ажиллагаа хугацаа алдаж байгаа тул хуулийн байгууллагын дэд бүтцийг шинэчлэх цаг болсныг тайлбарлалаа. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд иргэний хэргийн шүүхэд жилд дунджаар 40 мянган иргэн нэхэмжлэл гаргадаг аж. Нэг нэхэмжлэлийн ард гэрч, хохирогч, хариуцагч тал нийлээд арав гаруй хүн байдаг гэж үзвэл жилд 400 мянган иргэн иргэний хэргийн шүүхээр үйлчлүүлдэг гэсэн үг. Гэтэл нийслэлийн хэмжээнд  иргэний шүүхийн хуралдааны 16 танхим байдаг тул шүүх хуралдаанууд хойшлох, иргэдийг чирэгдүүлэх шалтгаан болдог байна. Үүнээс гадна зарим дүүргийн шүүх цэцэрлэг, сургуулийн зориулалтаар баригдсан байшинд үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээл учруулж, шүүхийн аюулгүй ажиллагааны тал дээр ч эрсдэлтэй байдаг аж.

Тиймээс нийслэлийн дүүрэг бүр дээр байгаа шүүхүүдийг нэгтгэж, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд эрүүгийн болон иргэний тус бүр нэг шүүхийг байгуулж, нэг шүүхийн байшинд 20-25 шүүх танхимтай байхаар шүүхийн дэд бүтцийг бий болгож байгаа аж. Мөн эрүүгийн шүүхийн хажууд прокурорын байгууллага заавал байх стандарт тавигддаг тул прокурорын байрыг ч бас шинээр барих юм байна. Нийслэлийн зургаан дүүргийн шүүхийг ийнхүү нэгтгэж, Улаанбаатар хот бүхэлдээ шүүхийн хоёр тойрогтой болсны дараа аймгуудын шүүхийг бас тойргийн системд шилжүүлнэ гэдгийг сайд мэдээллээ. Учир нь шүүхийн одоогийн тархай байдал эдийн засгийн хувьд үрэлгэн мөртлөө яг иргэдэд хүрч үйлчилдэг шүүгчдийн тоо, шүүх танхим хүрэлцээгүй байдаг. Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Ирэх жил эдийн засгийн хувьд хямралтай байх учир шүүхийн барилгад шинээр хөрөнгө төсөвлөх боломжгүй” гэсэн тул одоо байгаа дүүргүүдийн шүүх, прокрорын барилгыг дуудлагад худалдаанд оруулж, шинээр баригдах шүүхийн барилгуудыг санхүүжүүлэх саналыг Хууль зүйн сайд Засгийн газарт оруулаад байгаа юм байна.

Харин цагдаагийн байгууллагын хувьд нийслэлийн бүх иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаараа илүү олон байх шаардлагатай аж. Тодруулбал, 100 мянган хүн тутамд нэг цагдаагийн хэлтэс байхаар хэлтсүүдийг байгуулах бөгөөд цагдаагийн шинэ хэлтсүүдийг гэр хорооллууд руу түлхүү байгуулах гэнэ. Ингэснээр “Дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга” гэдэг эрх мэдэлтэн үгүй болж, харин иргэддээ үйлчилдэг цагдаагийн хэлтсүүдийн тоо нэмэгдэх юм байна.

Хууль зүйн сайд энэ удаагийн мэдээллээрээ сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллээрээ шуугиан тариад байгаа Хууль зүйн яамны харьяа Төрийн тусгай хамгаалалтын эмнэлгийн асуудалд мөн хариулт өглөө. Тус эмнэлгийн барилга 13 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд одоо ажлын гүйцэтгэл 60 хувьтай яваа. Энэ эмнэлэгт зориулж барилгынхаа үнээс даруй хоёр дахин өндөр буюу 20 сая ам.долларын үнэ бүхий шинжилгээ, оношлогооны төхөөрөмжийг АНУ-аас оруулж ирэх аж. Мөн Батлах хамгаалах яамны харьяа Цэргийн госпиталийн барилгыг мөн шинээр барьж байгаа бөгөөд тэнд бас дахиад 20 сая ам.долларын шинжилгээ, оношлогооны төхөөрөмж суурилуулах, төсөвт мөнгө суулгахаар хөөцөлдөж байгаа юм байна. Тиймээс төрийн тусгай албан хаагчид буюу мөрдэстэй нөхдүүдэд үйлчилдэг хоёр эмнэлгийг нэгтгэж, нэг шинжилгээ, оношлогооны аппарат суулгах нь төсөвт хэмнэлттэй гэдэг санал Засгийн газар дээр яригдаж байгаа аж. Харин одоо баригдаж байгаа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хоёр барилгыг Дээд шүүхийн байр, Мөрдөх албаны байр болгон ашиглах саналыг Хууль зүйн сайд тавиад байгаа аж. Тиймээс Дээд шүүхийн барилга барихаар энэ оны төсөвт тусгаад байсан хөрөнгийг Хууль зүйн сайдын саналаар буцаан татжээ.  
Гэвч тус эмнэлгийн удирдлага болон эмч ажиллагсад нийлсэн 30 гаруй хүн сайдынхаа шийдвэрийг эсэргүүцэж, түр хороо байгуулаад байгаа. Харин Хууль зүйн сайд офицерийн мөрдөс зүүж, бусад эмнэлгийн ажилтнуудаас 26 хувиар өндөр цалинждаг тус эмнэлгийн эмч ажилтнууд юуны өмнө цэргийн хүмүүс гэдгийг сануулж, төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэж байгаа бол цолоо хураалгаад ажлаа өгөх ёстой гэдгийг хэллээ. Учир нь Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг гэдэг Хууль зүйн яамны харьяа нэг анги нэгтгэл, цэрэгжсэн байгууллага. Батлан хамгаалах яамны харьяа анги нэгтгэлүүд дээр хэзээ ч ийм улс төржсөн үйлдэл гарч байгаагүй.

Дашрамд дуулгахад сайдынхаа шийдвэрийг эсэргүүцсэн эмч ажиллагсад УИХ-ын зарим гишүүдтэй уулзаж, улс төрийн акци зохион байгуулснаас болоод УИХ дээр тус эмнэлгийг бүрмөсөн татан буулгаж, төрөх эмнэлэг болгох тухай яриа ч гараад байгаа. Хэрвээ асуудал энэ хэвээрээ улс төржөөд явчихвал эмнэлгийн барилга Хууль зүйн яамны мэдлээс гарч, Эрүүл мэндийн яаманд шилжээд зогсохгүй, тэнд ажиллаж байгаа 200 гаруй эмч ажилчид өөрсдөө ажилгүй болох эрсдэл ч тулгарч мэдэх юм.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж