Нийгмийн сэдэвт шилдэг рекламыг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Нийгмийн сэдэвт шилдэг рекламыг шалгарууллаа

Нийгэмд идэвхитэй оролцох итгэлийг иргэдэд өгөх зорилготой нийгмийн сэдэвт рекламны “Бидэнд ойрхон ирээдүй” фестиваль бүтэн сарын турш үргэлжилж шилдэг бүтээлүүдээ тодруулжээ. Монголын реклам бүтээгчдийн холбооноос хоёр дахь жилдээ энэ фестивалийг зохион байгуулж байгаа юм.
Өнгөрсөн жил 300 орчим уран бүтээлийг реклам бүтээгч, сонирхогчдоос цуглуулж байсан бол энэ жил 490 гаруй бүтээл ирж цар хүрээ нь өргөжжээ. Шилдэг бүтээл тодруулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга оролцсон юм. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч ихээхэн дэмжиж байгаа бөгөөд ирэх жилийн наадмыг Ерөнхийлөгчийн ивээл дор явуулах бүрэн боломжтой хэмээн мэдэгдлээ.
Нийгмийн сэдэвт “Бидэнд ойрхон ирээдүй”  сурталчилгааны наадам видео, фото, радио, хэвлэл, анимаци рекламны төрлөөр шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд төрөл тус бүрт эхний гурван байр эзлүүллээ. Наадмын шагналын сан нь 15 сая төгрөг байлаа.\
Фестивалийн шилдэг видео реклам бүтээгчээр “Дрийм медиа” студийн н.Төмөрбат “Хүн бүрийн хувь заяа чухал” бүтээлээрээ, анимац төрөлд Б.Баттөмөр “Бидэнд ойрхон ирээдүй”, хэвлэлийн сурталчилгааны төрөлд “Чуба дизайн” студи “Цаг хугацаа биднийг хүлээхгүй”, радио сурталчилгааны төрөлд Э.Мөнгөнхүү “Бид дэлхийн иргэн”, видео төрөлд н.Төмөрбат “Хүн бүрийн хувь заяа чухал” бүтээлээрээ хүртсэн бол “Гран при” шагналыг “Дадал” фильм студийн найруулагч Т.Ган-Од “Миний мөрөөдөл” бүтээлээрээ авлаа.

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж