
Сангийн сайд Ч.Улаан Японд болж буй ОУВС-ийн жил бүрийн хуралд оролцож байгаа тул гол хариултыг Ерөнхий сайд өгөхөөр болов. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэлснээр ирэх жилээс нийслэлийн зургаан дүүргийн шүүхийг хоёр дүүрэгт төвлөрүүлэх юм байна. Энэ нь зардал хэмнэхээс гадна иргэдэд ч хүндрэлгүй болох аж. Барилгыг он дамнуулж, үнэ өсгөж барьдгийг зогсооно гэж байв. Ирэх жилийн төсөв шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг 100 хувь хангах төсөв болоогүйг Ерөнхий сайд хэллээ. Нэгэнт 21 наснаас доош хүүхэд, залууст архи зарахгүй тул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өвөл, зуны дугуйн зам, залууст архигүй бүжиглэх газар, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хэрэгтэй байгаа гэдгийг хэлж байлаа.
Хэлэлцүүлгийн үед гишүүн Д.Оюунхорол боловсролын салбар, багш нарын асуудал хөндөж Ерөнхий сайд хувьдаа сургуультай хүн сонирхлын зөрчилтэй асуудалд аль болох бага оролцож байх ёстойг санууллаа. “Хувийн сургуулийн захирал хүн Монголын багш нарыг төлөөлөхгүй шүү” гэснээс болж хэсэг зуур маргалдав. Гишүүн Д.Оюунхорол Хүний хөгжлийн мөнгө өгөхгүй болсноос Хүний хөгжлийн санд 800 тэрбум төгрөг хэмнэгдсэн гэсэн зүйл хэлж байв. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Санд 800 тэрбум төгрөг хэмнэгдэх байтугай 924 тэрбумын өртэй хоцорсон” гэсэн юм.
Ирэх жил боловсролын салбараас олон хүн тэтгэвэрт гарах бөгөөд багш нарт 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно. Үүнд 150 тэрбум төгрөг хүрэлцэхгүй гэдгийг Л.Гантөмөр сайд хэлж байв. Түүгээр барахгүй уг тэтгэмжийг хүртэх хүсэлтээ өмнөх жилүүдэд тэтгэвэрт гарсан хүмүүс гаргаад эхэлсэн аж. Иргэдийн банкны хадгаламжийг төрөөс даадаг даатгалын хугацаа ирэх арваннэгдүгээр сарын 25-нд дуусна. Тэр хугацааг дахин нэг жилээр сунгахаар болжээ. Оюутолгойгоос ирэх жил 13 тонн алт гаргахаар төлөвлөсөн байна.
Гишүүд төсвийн төслөөр асуулт хариулт явуулж байгаад чуулганы үдээс өмнөх хуралдааныг 14.12 цагт өндөрлүүллээ. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас эхлэх юм. Түүгээр төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.