-Танай холбооны тамирчдыг удахгүй ДАШТ-нд явах гэж байгааг дууллаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай холбооны УАШТ тэмцээн дууссан. Стандартын төрөлд “Улаан сарнай”, “Star”, латин америк бүжгийн төрөлд “Хатан туул” хамтлаг түрүүлсэн. Энэ гурван хамтлагт ДАШТ-д оролцох эрх олгосон. Стандарт бүжгийн тэмцээн арваннэгдүгээр сарын 26-нд АНУ-д, латин америк бүжгийн тэмцээн 14 хоногийн дараа болно.
Дээрх гурван хамтлаг бэлтгэл сургуулилалтаа сайн хийж байна. “Хатан туул” хамтлаг 2010 онд ДАШТ-д оролцож байсан. “Улаан сарнай” хамтлаг өнгөрсөн онд оролцож, эхний аравт багтаж байсан амжилттай. “Star” ДАШТ-д хамтлаг гурав дахь удаагаа оролцох гэж байна. 2010 онд эхний аравт орж байсан бол өнгөрсөн жил 11 дүгээр байрт орж, хагас шигшээд шалгарсан. Энэ жил бид дээрх амжилтаа ахиулахын төлөө хичээнэ. Нэг хамтлагт 16 хос ижилсэж бүжиглэнэ. Нөөцний хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй явна. Мөн энэ сарын 20-21-нд Хонгконгод болох Дэлхийн бүжгийн спортын холбооны фестивальд манайхаас 70 хүүхэд оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Тэд хосын төрөлд оролцоно. Энэ нь айхтар том тэмцээн биш.
-Тамирчид тэмцээнд оролцох зардлаа хаанаас олдог вэ?
-Бид зардлаа өөрсдөө гаргаж явдаг. Зардал их өндөр гарна. Улсаас ямар ч мөнгө өгдөггүй. Угаасаа ч бүжгийн спортынхон мөнгө гуйж үзээгүй. Өөрсдийнхөө хүчээр бор зүрхээрээ л явдаг нь үнэн. Амжилт гаргаж байсан биш, ямар нүүрээрээ мөнгө гуйх вэ.
-Гэхдээ улс орныхоо нэрийг дэлхийд гаргана гэдэг том үзүүлэлт биш үү?
-Одоо цагт том үзүүлэлт биш болчихоод байна. Анх олон улсын тэмцээнд оролцож байх үед улс орныхоо нэрийг гаргаж байна гэж боддог байсан. Харин одоо медальгүй ирвэл хэцүү болсон цаг. Бид нар ч медальгүй ирж болохгүй гэж хэлдэг. Зарим амжилт үзүүлж байгаа хүүхэд төрөөс мөнгө өгөх хэрэгтэй гэж боддог. Гадаадад болдог бүжгийн спортын тэмцээнийг нийгмийн элит давхаргын хүмүүс үздэг. Энэ бүгдэд манай хүүхдүүд Монголыг сурталчлаад явж байгааг энэ томчууд мэддэг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд.
-Холбооны зүгээс бүжигчдэдээ медальтай ирэх хатуу шаардлагыг тавьдаг юм байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ зардлаа гаргаад явж байгаа хүүхдүүдэд хатуу шаардлага тавих хэцүү л дээ.
-Өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээнд оролцоод ямар амжилт үзүүлж байв?
-Анх олон улсын тэмцээнд 2004 онд Сахагийн “Азийн хүүхдүүд” спортын наадамд амжилтгүй оролцсон. 2005 онд Зүүн Өмнөд Азийн наадамд оролцсон. Дараа нь ОХУ-ын Буриадад болсон өсвөр үеийнхний тэмцээнээс алтан медаль хүртэж байсан. 2006 онд Макаод болсон бүжгийн тэмцээнд хоёр, гурав, дөрөв, тавдугаар байрт орж байсан. 2008 онд Дэлхийн чөлөөт цагийн спортын наадамд багаараа гуравдугаар байрт орсон. Манай хүүхдүүд бүжгийн спортыг гайгүй сурч байгаад замаас нь хаячихдаг. Хаях шалтгаан нь бүжгийн спортоор хоол олж идэхгүй гэдэг. 18 нас хүрээд л амьдралд мөнгө хэрэгтэй болохоор хаядаг.
-Монголд бүжгийн спорт хэр хөгжиж байгаа вэ. Хөгжлийн ямар шатандаа яваа бол?
-Хүүхдээр яривал нялх балчир үеэ даваад хөлд орж, алхаж байна. Нэг үеэ бодвол жигдэрсэн. Бүжгийн спортын дүрэм журам хэний ч оролцоогүйгээр журмынхаа дагуу явагддаг. МҮОХ-ноос зохион байгуулдаг “Бөртэ чоно” наадмын 2011 оны “Шилдэг холбоо”-гоор шалгарсан. Одоохондоо манай энэ спорт хөгжихгүй байгаа нь үнэн.
-Хөгжихгүй байгаа шалтгаан нь юу вэ?
-Бидний амьдарч байгаа нийгэм бүжгийн спорт хөгжих хэмжээнд хүрээгүй байна. Улс орон хөгжвөл түүнийгээ дагаад бүжгийн спорт хөгжинө. Одоо байгаа шиг ороо бусгаа цагт юун хөгжих манатай. Бүжиг гэдэг чинь өөрөө элит спорт. Зиндаа өөр л дөө. Бүжгийн спортыг хөгжүүлж чадвал нийгэмд эерэг үр дагавартай. Тиймээс төр засаг үүнд онцгойлон анхаарч үзэх хэрэгтэй болов уу. Нөгөө талаар нийтийн цэнгээнт бүжгийн буруу хэлбэр хөгжихөд садаа болж байна. Мэргэжлийн бус бүжгийн багш нар буруу зааж өгдөг. Үүнийгээ болиосой. Анхнаасаа буруу заалгасан бол хэзээ ч засагддагүй юм. Бүр буруу заасан хэлбэр эргээд хүүхдийн өсөлтөд ч сөргөөр нөлөөлөх аюултай. Уг нь бүжгийн спорт гэдэг их энгийн. Биеэ чангалаад худлаа цэх зогсох гэж ядаад байх шаардлагагүй. Зүгээр л энгийн зогсолтоос эхэлнэ. Гоо зүйн хүмүүжил төлөвшлийг бий болгохыг хүсч байгаа бол бүжгийн спортыг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй.
-Бүжгийн спортыг хөгжүүлэхэд юу хамгийн ихээр хэрэгтэй вэ?
-Дасгалжуулагч багш нар болон шүүгчид өөрсдийнхөө дур сонирхлоор явж байгаа. Холбоо ч мөн ялгаагүй сонирхогчдыг нэгтгэсэн сэтгэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Бидний ажлыг дэмжээд төрөөс ганц клуб ч барьж өгөх сэтгэл байхгүй байна шүү дээ. Нэг зааланд сарын дөрвөөс таван сая төгрөгийн түрээс төлдөг. Түүний оронд ганзагын наймаа хийвэл бидэнд ашигтай байх. Гэтэл манай холбооныхон өөрсдөө хайртай дуртай болохоор л оршин тогтноод байна. Энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд манайд олноороо ирдэг. Аль болох сайхан энерги, чанартай сургалтыг өгөхийг хичээдэг. Бид балет шиг заагаад, мөнгө аваад орхих биш. Бэлтгэсэн хүүхдээ тэмцээн уралдаанд байнга оруулах, өөрийг нь бүжгийн талбар дээр биеэ зөв авч явах хүртэл нь зааж сургах үүрэгтэй. Ингэснээр хүүхэд олны дунд өөрийгөө зөв авч явах, зөв илэрхийлэх зэрэг гоо зүйн төлөвшлийг олж авдаг. Монголд бүжгийн спортыг хөгжүүлэхэд тусгай бодлого хэрэгтэй. ЕБС-ийн сургалтад бүжиг заадаг байх ёстой. Мөн соёлын арга хэмжээнд заавал байх ёстой гэдгийг хуулиар заагаад өгвөл аяндаа хөгжинө. Европт үүссэн бүжгийг нийгмийн сэтгэхүй хүлээж авахгүй. Энэ спорт чинь ардын бүжиг бүжиглэхтэй адилгүй.
-Энэ спортоор хичээллэхэд хэр хугацаа шаардах вэ?
-Тодорхой хугацаа шаардана. Сайн бүжигчин болъё гэвэл доод тал нь 10 жил хичээллэх хэрэгтэй. Их тэвчээр шаардана. Нэг алхмыг сурахын тулд дасгал сургуулилалтыг олон мянган удаа уйгагүй хийх хэрэгтэй. “Ододтой бүжиглэе” шоунд оролцож байгаа оролцогч шиг бүжгийг заалгаад сурах биш. ДАШТ-ий бэлтгэлийг хийлгэж байхад хөгжмийн аяыг нь хийж байгаа хүн ч шантардаг.
-Бүжгийн спортод насны хязгаар тавьдаг уу?
-Насны хязгаар байхгүй. Ямар ч хурд шаардахгүй, булчин ажиллуулахгүй хөдлөх физик арга. Эрсдэл багатай спорт. Биеийн хөдөлгөөнөөр шөрмөсөө тасартал бүжих албагүй. Аль болох зөв газраа булчингаа чангалаад суллаад явбал болдог. Гоо зүйн төлөвшлийг олж авах авхаалж самбаа, хурд шаардсан спорт юм уу даа.
-Танай холбоонд хамгийн бага нь хэдэн настай хүүхэд хичээллэдэг вэ?
-Гурван настай хүүхэд байна. Тэдэнд хүнд элемент заадаггүй. Анхаарал төлөвлөрдөггүй гэсэн хэрнээ юмыг анзаарсан, хөгжмийг зүрхээрээ сонссон байдаг. Тэр нь хүүхдэд бэлтгэл болдог.
-Монголд бүжгийн спортын хэчнээн багш, дасгалжуулагч байгаа вэ?
-Тусгай бэлтгэгдсэн 100-гаад багш бий. 21 аймагт гишүүнчлэлтэй. Мөн Монголын нийтийн цэнгээнт бүжгийн холбоо, Мэргэжлийн бүжгийн спортын зөвлөлийг гишүүнчлэлдээ багтаасан. Түүнчлэн МҮОХ-ны гишүүнчлэлтэй гээд хүчтэй Төрийн бус байгууллага. Гэтэл төрөөс юу ч хялайлгадагүй юм.
-Төр засгаас ерөөсөө харж үздэггүй гэж үү?
-Замаа зөв тавьж чадахгүй төр юун бүжгийн спортыг харж үзэх манатай вэ. Дээрээ хувааж идэхээ боддог биз. Бодлогын чанартай зүйл дээгүүр хийгдэхгүй бол бид заал хүсч бариулаад энэ спорт хөгжинө гэж байхгүй л дээ. Монголд бүжгийн нэг ч заал, танхим байдаггүй. Заал, танхим бариад өгвөл их юм хийнэ дээ. Бидэнд сургуулийн спорт заал, хурлын танхим, подваль ч түрээслэх үе ч гардаг.
-“Улаан сарнай”, “Star”-ыг ирээдүйтэй сайн хамтлаг гэж дүгнэдэг. Мэдээж их итгэл найдвар хүлээлгэж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. ДАШТ-д гайгүй сайн оролцож байна. “Улаан сарнай” хамтлаг 25 жил болж байна. Өнгөрсөн жил ДАШТ-д дуулиан тарьсан. Ах захаа хүндэлдэг, архи тамхи хэрэглэдэггүй сайн залуус байдаг юм.
-Хамтлагууд хаанаас цалинждаг вэ?
-Өөрсдөө дурандаа явж байгаа хүмүүст ямар цалин байх вэ. Энд тэнд халтуур хийж, мөнгө олдог. Үүнийг нь бид дэмждэг. Үндсэн ажлаа орхиж, бүжгийн спортын нэр хүндийг унагахгүй явж байвал болоо шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.