Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Чанга дуугаар “Энэ бол Монгол Улсын Морин хуурын чуулга” гээд гадаадын үзэгчдэд гайхуулмаар байлаа. Тэдний тоглолт ийм л болов. 20 жилийнхээ ойд зориулан хийж буй хоёр дахь тоглолт нь өчигдөр буюу аравдугаар сарын 10-нд Соёлын төв өргөөнд “World Music and Morin Khuur” нэртэйгээр боллоо. Энэ өдөр гадаадын үзэгчид олон байв. Тоглолт эхэлсэн цагаас үзэгчид тэднийг биширсэн, шүтсэн. Харин бид тэднээр бахархаж, гайхуулж суулаа.

Тийм ээ, энэ бол Монголын үндэсний хөгжим Морин хуур, тийм ээ, чадварлаг Монголын минь хөгжимчид. Дэлхийн сонгодог болон орчин үеийн хөгжмийг Морин хуур хөгжмөөрөө гайхуулан тоглосоор. Удирдаач Д.Түвшинсайхан чуулгын урын сангийн тухай  “Дуунаас дуурь, бие биелгээнээс бүжгийн жүжиг, уламжлалт морин хуурын татлагаас гоцлол, сонат, концерт, симфонетта зэрэг том хэмжээний хөгжмийн бүтээлүүдийг тоглодог болжээ” хэмээн хэлж байсан. Үнэхээр ч энэ үдэш дуурийн дуучид тоглолтын чимэг нь байв. Дуурийн дуучин Ө.Уянга “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатны ари, “Кармен” дуурийн Эскамилогийн ариг дуучин Ч.Энхтайван, “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ариг “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар нар дуулан, үзэгчдийг гайхшруулсан бол морин хуурч Н.Жигжигдорж “Домогт 1900” киноны “Playing Love” хөгжмийг гоцлон тоглож, үзэгчдийг уяраасан.

Танил аялгуу, танил хэмнэл тэд 20 жилийн хугацаанд тоглосон урын сангаасаа шигшиж цаг гучин минутад багтаан тоглолоо. Дэндүү богино хугацаа шиг санагдсан ч 12-нд маргааш дахин нэг тоглолт байгаа гэж бодохоор тайвшрах шиг. Тоглолтын дараа үзэгчид дор бүрнээ л “12-ний гала тоглолтыг нь үзмээр санагдчихлаа, даанч тасалбар нь дууссан гэсэн шүү. Харамсалтай юм аа” хэмээн ярилцсаар гарсан.

Тоглолт эхлэхийн өмнө Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хэлэхдээ “Бидэнд 270 орчим далай их сангаас шүүж чухам юуг өнөөдрийн тоглолтод сонгон тоглох уу гэдгийг шийдэх хэцүү байсан. Өнөөдөр юуг сонсох вэ” хэмээн үзэгчдэд таамаг үлдээсэн ч, цаг гучин минутад тэдний сонгосон сонголт гоё байсан. Тоглолт өндөрлөсөн ч үзэгчид танхимаас гарахгүй, алга ташин зогссоор л тоглолтыг дуусгахыг хүсэхгүй, тэднийг хүлээн зогссон. Харамсалтай нь 19.00 цагаас хошин шогийн тоглолттой байсан учир үзэгчид танхимыг орхихоос өөр гарцгүй байв. Хүндэтгэлийн тоглолтын тасалбараа хэдийн авсан үзэгчид баасан гаригт дахин үзнэ гэж хөөрөн гарсан бол тасалбар захиалж чадаагүй нь яаж үзэх вэ, тасалбар нь ямар хурдан дуусчихсан юм бэ хэмээн хөнгөн гунигласаар гарцгаав.

Маргааш болоосой, хурдхан гала тоглолтыг нь үзэж, дахин тэдний тоглохыг сонсох юмсан.

М.ДӨЛГӨӨН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж