Шинэ цагийн автократ төлөөлөл

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Шинэ цагийн автократ төлөөлөл

Дэлхий дахинаа байгаа олон баян орнуудын хөгжил, эдийн засгийн бодлого, эдийн засгийн бодлогыг судалж, басхүү даган мөрдөхийг хичээж байгаа Уго Чавез дахин сонгогдлоо. Ирэх зургаан жилийн түүний бодлого бүхэлдээ эрүүл мэндийн салбарын шинэчлэлд зориулагдана. Гэхдээ бүс нутагтаа эдийн засгаараа хоцорчихгүйн тулд хийх ажил түүнд их бий. Гадны хэвлэлүүд түүнийг “Сонгуульд дахин ялснаар Латин Америкт автократ дэглэмийн билгэ тэмдэг боллоо” хэмээн шуугиж байна.

Эрх чөлөө, хяхан хавчилт

1945 оноос хойших Венесуэль улсын түүхийг бүхэлд нь  ингэж хуваан үзэж болно. 1945 оноос хойш ихэнх улс төрийн зүтгэлтнүүд ардчилалыг хүсэмжлэх болж, түүнийхээ төлөө ч тэмцэж байлаа. 1995 оноос хойш Венесуэль улс буцаад автократ дэглэм рүүгээ ухарч эхэлсэн юм. 1999 онд Уго Чавез ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш, капиталист улсуудын бодлого бүхэлдээ буруу хэмээн зарлаж, өөрийн улсынхаа түншээр Хятадыг нэрлэв. Мөн Хойд Солонгосыг ч үзэн ядаж болохгүй гэдгийг өөрийн илтгэлдээ удаа дараа дурьддаг билээ.

“Ардчилал бол бүх зүйл биш. Тиймээс бид дан ганц үүнийг сонгож болохгүй” Венесуэль улсын ерөнхийлөгч Уго Чавез

Одоогийн байдлаар Венесуэль улсад хоёр телевиз, хоёр сонин үйл ажиллагаагаа явуулж байна. Түүний засаглалыг муулсан олон арван сэтгүүлчдийг шийтгэж байсан түүхтэй. 2000 оноос хойш тэр хувийн хоёр телевиз, таван сонинг татан буулгасан билээ. Гадны зарим нэг веб сайтыг хэрэглэхийг хориглосон нь мөн гадаадынхны эгдүүцлийг хүргэж байсан удаатай.

Түүнийг энэ удаад ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Каракас хотод баярын жагсаал болов. Хэдийгээр улс оронд нь ажилгүйдэл газар авч, дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар унасанч ард түмэн нь ийнхүү баярлаж жагссан нь энэ. Чавез энэ удаад ирэх зургаан жилд улс үндэстнээ хөл дээр нь босгож ажилтай, бүс нутагтаа тэргүүлэх эдийн засагтай улс болгоно гэсэн амлалтыг өгөн гарч ирсэн билээ. Гэхдээ хамгийн гол нь эрүүл мэндийн системийг бүхэлд нь өөрчилж илүү дэвшилтэт, орчин үеийнх болгоно гэсэн нь нийт сонгогчдын саналыг авахад хүргэсэн байж болох талтай. Одоогийн байдлаар тус улсад ажилгүйчүүдийн хэмжээ маш өндөр хувийг үзүүлж, ажилчдын цалин нь бүс нутагтаа доогуурт ордог бөгөөд эрүүл мэндийн салбар болоод үйлдвэрлэлийн бусад салбарууд уналтанд ороод байгаа гэхэд болно. Үүний нөгөө талд улс төрийн хяналт, нэг хүнийг тахин шүтэх үзэл урьд байгаагүйгээрээ нэмэгдсэн юм. Мөн авилга хээл хахууль, төрийн хүнд суртал харьцангуй өндөр төвшинд байдаг гэсэн судалгаа гарчээ. Гэсэн ч тэр хувийн секторыг дэмжинэ гэсэн амлалтыг өгсөн байгаа.

Чөлөөт сонголт

Энэ удаагийн сонгуульд чөлөөт сонголт байсан уу? Харамсалтай нь үгүй. Урьд болдог сонгуулиудтайгаа адилхан нэгэн хэвийн байдлаар л өнгөрсөн. Түүний засаглалыг шүүмжилж, сонгуульд хүчтэй өрсөлдөж магадгүй гэж байсан хоёр нэр дэвшигч кампанит ажлынхаа явцад нэрээ татсан нь үүнийг гэрчилнэ. Тэд бүгд Уго Чавезийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн билээ. Гэхдээ хуурамчаар зохиосон гэж арай хэлж болохгүй. Учир нь өмнөх хоёр сонгуульд ялалт байгуулахдаа үзүүлж байсан хувь нь энэ жил 54 хувь болж буурсан. Тэгэхээр улс оронд 45 хувийн ард иргэд түүнийг дэмжихгүй байгаа гэж ойлгож болно. Гадаадын зарим нэгэн судлаачид түүнийг санал худалдах аргыг ашигласан байж болзошгүй гэж таамаглаж байна. Учир нь фейсбүүк хэрэглэдэг дийлэнх Венесуэлчүүд “санал худалдсан” гэх үгсийг ашигласан байгаагаар ийнхүү дүгнэж байж болох. Өмнөх хоёр сонгуулийг харвал санал худалдах аргыг мэр сэр ашиглаж байсныг баталдаг. Тиймээс энэ жил ч гэсэн санал худалдсан байж ч болох юм.

Төрийн албыг өөрчлөхгүйгээр ямар нэгэн амжилтанд хүрч болдоггүйг дэлхийн түүх бэлхнээ харуулдаг. Гэтэл Уго Чавез төрийн систем болон яамдуудын тоог өөрчлөхгүйгээр энэ амжилтанд хүрнэ гэдгээ батлаад байгаа юм. “Миний бодлого ямар нэгэн үр дүнд хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Яагаад заавал барууны эсвэл АНУ-ын бодлогыг хэрэгжүүлээд хөгжинө гэж. Венесуэль тэднээс өөр шүү дээ” гэж орон нутгийн нэгэн телевизэд Уго Чавез ярьжээ.

Энэ удаагийн сонгуулиар Чавезын ярьж байгаа нэг асуудал зөвхөн хятадаас тусламж авах бус, АНУ-аас тодорхой хэмжээний мөнгө авч эдийн засаг болон цэргийн салбарт зарцуулах талаар яриаг цухалзуулж байна. Мөн хэд, хэдэн зэвсэг нисгэгчгүй хоёр ч онгоцыг авахаар хүсэлтийг АНУ-д илгээжээ. Мөн энэ удаагийн сонгуульд “Ардчилал бүх зүйл биш. Ардчилалаас дээр зүйлс бий” гэсэн уриаг дэвшүүлсэн нь гадныхны анхаарлыг татаж байна. Тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний жилдээ буюу 1999 онд ард түмнийхээ хайрыг татаж байлаа. Учир нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ мэдэгдэхүйц дээшилсэн нь газрын тос экспортлодог Венесуель шиг улсад сайнаар нөлөөлөх нь гарцаагүй байсан. Түүнээс болоод халамжийн бодлого хэрэгжүүлж, засаглалын хэлбэрээ ч тодорхой хэмжээгээр өөрчилж эхэлжээ. Үүний дараагаар улс орны эдийн засгийн гол хүчин зүйл нь газрын тос хэмээн зарлаж, тэнд ажиллагсдын тоог тодорхой хувиар нэмжээ. Гэтэл гурван жилийн дараа дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурсан нь тус улсад хүнд цохилт болсон гэхэд болно. Ажилгүйчүүдийн хэмжээ нэмэгдэж, эдийн засаг нь мэдэгдэхүйцээр унаж эхэлсэн байна. Үүнийгээ Уго Чавез ухаалгаар өөртөө ашигтайгаар шийдсэн. Төсвөө хумих, цалин хасах, халамжаа бууруулах зэргээр шийдэж, “бүсээ чангал”, “над шиг гурван хоног хоол идэхгүй бай” гэж уриалж байсан нь жирийн Венесуэльчүүдийн сэтгэлийг хөдөлгөсөн юм. Үүнээс хойш улс оронд нь түүний эсрэг дуугарах хүмүүсийн тоо цөөрч, дан ганц хүнийг тахин шүтэх ёс газар авч эхэлсэн билээ.

Газрын тос бүхнээс хүчтэй

Газрын тосыг улс орныхоо гол цөм нь гэдэгт одоо хэр нь Чавез итгэдэг. Тиймээс ч газрын тосыг бусдаас хямд үнээр Хятад улсад нийлүүлдэг үүнийхээ хариуд цэрэг, зэвсэглэлийн хэрэгслийг хямд үнээр авдаг билээ. Мөн Хятадын уул уурхайн компаниуд Венесуэльд харилцан тохиролцох гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх компани төрийн мэдэлд байдгыг мартаж болохгүй. Харин ирэх зургаан жилд хувийн салбарыг газрын тосны салбарт нэмэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм. Мөн энэ сонгуулиар гадны уул уурхайн компаниудыг тендер зарлан оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаагаа дурьджээ. Гэтэл үүнийг Хятад улс хэр зэрэг таатайгаар хүлээж авахыг мэдэхгүй.

Венесуэль улс дахин зургаан жил нэг хүний гарт орно. Гэхдээ түүний энэ сонгуулиар баримталж байгаа бодлого нь улс орноо өөрчлөх чин хүсэл цухалзаж, өмнө нь хаалттай байсан зарим нэг салбарыг нээлттэй болгохоо албан ёсоор зарлаад байна.
    

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж