ХОМ-ийн маягт хөрөнгөтнүүдэд гологддог гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

ХОМ-ийн маягт хөрөнгөтнүүдэд гологддог гэнэ

Авлигатай тэмцэх газарт 96 албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзаж гэнэ. Тэдний дунд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, шүүгч, төрийн захиргааны албан тушуултан, төрийн өмчит хуу­лийн этгээдийн удирдах албан тушаалтан, агентлагийн дарга энэ тэр байгаа бололтой. Улсын өмнө үүрэг хүлээж, олны өмнө эрхийг нь эдэлж байж тэд юуны учир “Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж өгч чадахгүй” хэмээн томорсон шалтгаан нь нууцлаг. Бодвол Ав­лигатай тэмцэх газар тэрхүү алдаан дээр нь дөрөөлж ажлаас нь халуулчих санаатай хэд гурван үг хэлэх л байх. Харин хэрэг болгон хүлээж эсэх нь юу л бол. Өнгөрсөн хугацааны үйл ажиллагааных нь туршлагаас харахад бэрхтэй л юм билээ. Тиймээс ч Авлигатай тэмцэх газрыг өдгөө айхын бараа төдийхнөөр дүрслэн бодох улс­төрчдийн жагсаалт ч цөөн­гүй гэвэл худлаа хэлсэн болохгүй л байх.

Наад зах нь, саяхан УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн Ар­дын намын нарийн бичгийн дарга Ш.Сайхансамбуу телевизээр Авли­гатай тэмцэх газрыг онигоонд оруулмаар хачин сонирхолтой яриа дэлгээд авсан. “Хөрөнгө орлогын мэдүүлгийн асуултуудыг буруу зохиогоод байна. Хэрвээ зөв зохиосон бол би бүх хөрөнгөө бичих л байсан” гэж.

Түүнийхээр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой албан тушаалтнуудад хөрөнгөө нуух боломжийг нь Авлигатай тэмцэх газар өөрөө олгодог гэнэ. Зөвхөн хувь хүнийг нь л тойроод “Та хэдэн машинтай вэ. Та банканд өртэй юу. Таны эхнэр орлоготой юу” гэх мэтийн нэг үзүүрт асуулт асуусаар байгаад дуусгачихдаг тул илүү олныг бичих шаардлага бай­даггүй байна. Уг нь УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн бодож байгаагаар бол “Таны нэр хэн бэ. Та ямар компанитай вэ. Таны хувь эзэмшдэг компани хэдэн машинтай юм. Танай компанийн үндсэн хөрөнгө хэд вэ. Та компаниараа дам­жуулж зээл авсан уу” гэх мэтээр асуух ёстой гэсэн.

Хэрэв хөрөнгө орлогын мэдүүлэгт дээрх асуултууд байсан бол УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “А”, “Б”-гүй хөрөнгөө бүртгүүлэх байсан гэсэн. Наад зах нь “Би “На­рантуул” компанийн нэр дээрх машинуудыг унадаг. Надад тусдаа машин авах хэрэггүй. Үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгт бөглөх гэхээр асуулт нь алга. Хэрвээ танай компанийн үндсэн хөрөнгийн хэм­жээ хэд вэ гэсэн асуулт байсан бол би 25 тэрбум гээд биччихэд болохгүй юм алга. Гэтэл тэгж бичих газар нь алга. Надад бас хүмүүс нэлээн их мал өгдөг. Мал маань өсөөд байдаг. Тэр тухайгаа бичих гэхээр “Нарантуул” компанид бүртгэлтэй байдаг болохоор бичих аргагүй болоод би малгүй юм шиг л харагдаад байна” гэж байсан. Эндээс Авлигатай тэмцэх газрынхан ямар дүгнэлт хийхийг мэдэхгүй. Ямар ч байсан хөрөнгө орлогын мэдүүлэг нь хөрөнгөтнүүдэд гологдоод байгааг эрх биш ойлгож авна гэж найдъая.

Тэгээд ч манайх л зөвхөн хувь хүнийг тойрсон хөрөнгийн бүртгэл явуулдаг болохоос бус Герман, АНУ-д гэхэд л тухайн төрийн өндөр албан тушаалтны эхнэр хүүхэд, хүргэн бүрийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүртэл яг таг бөглүүлж аваад түүнийгээ хянаж, шалгадаг гэдэг. Мөн Орост гэхэд өнгөрсөн жил Думын гишүүн бүрийн ах дүү, хамаатан садан гээд ойрын гурван үеийнх нь хөрөнгө орлогын мэдүүлгийг авах тухай санаачилга гарч байсан. Харин манайд бахь байдгаараа. Гэхдээ хөрөнгө орлогын мэдүүлэг нь хөрөнгөтнүүдэд голог­доод байгааг тэд анзаараагүй биш анзаарсан л байх. Гэсэн ч зарим нэг хүний нууцыг нууцлах зорилгоор асуултаа өөрчлөхөөс татгалздаг байж болох л юм. Авлигатай тэмцэх газрын ар, өврөөр янз бүрийн л юм дуулдаад байдгаас бодвол шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж