Төр та 1,8 их наяд төгрөгөө өөрөө гарга

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Төр та 1,8 их наяд төгрөгөө өөрөө гарга

Урт нэртэй хуулийн урт аян үргэлжилсээр. Үе үе урт нэртэй хууль хэзээ хэрэгжиж эхлэх вэ гэж төрийн бус байгууллагынхан асууж, хуулийг санаачилсан Монгол Улсын далай дархан даян аварга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэн хэнгэнэтэл санаа алдаж байгаад л “Уг нь их сайн хууль байгаа юм, даанч…” гэж талийгаачийн хойтхыг унших гэж байгаа юм шиг эмгэнэлтэй царайлна. Өнөөдөр ч шинэхэн эмхлэгдээд байгаа яам, тамгын газрынхан урт нэртэй хуулийн сүүл хаахна унжирч, ямархуу шатандаа явж байгааг хэлж мэдэхгүй л байгаа. Бөх тэх тэргүүтэй УИХ-ын гишүүд бүдүүн өвсөнд бүдрэм хууль гаргачихсан нь хэрэгждэг ч үгүй цуцалдаг ч үгүй хүнээр бол амьд үхсэний хооронд салгалж яваа нь энэ. Бодь царайтай энэ эрхмийн зүтгэлээр гадагш урсдаг гол мөрөн, гадаргын болон бороо хурын усаа ашиглах төсөл замхарч орхисныг ч бас сануулахад илүүдэхгүй байх. Гол мөрнөө хайрлахуй, Хэрлэн, Сэлэнгэ мөрнийг минь Хятад руу татаж урсгах гэж байна гэсэн тайлбартай популист муйхарлалын ачаар бид өнөөдөр гадаргын болон хурын усаа уул уурхай,  үйлдвэрлэлдээ ашиглах агуу том төсөл нуран унасан билээ.

Ер нь бол байгаль экологио хамгаалах гэдэг сайхан санаа мөн боловч тооцоо судалгаагүй, шууд хаах, хяргах гэсэн бодлогоор хэд хэчнээн уурхай, компани дампуурлын ирмэгт хүрч, лицензийн наймаа гэх нарийн арга сүрдүүлгийн илд болсныг ч бас уха санахад илүүдэхгүй буй за.

Одоо тэгвэл байдал ямар байна вэ? Байгалиа хамгаалах сайхан санаачлага нь ч таг зогсоод, урт нэртэй сүржин хууль нь ч хэрэгжих аргагүй маргааны бай болоод гурван жил болж байна. Одоогоор 245 лицензийг цуцлах гэж байгаа. Байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагууд нийтдээ 1782 лицензийг цуцлах ёстой гэдэг. Гэтэл зөвхөн одоо яригдаж байгаа 200 гаруй лицензит талбайд л гэхэд 1,8 их наядаар нөхөн сэргээлт хийх шаардлагатай. Энэ бол хэдхэн жилийн өмнөх улсын бүх төсвийг нийлүүлсэн, өнөөдрийн төсвийн долооны нэг хувь нь. Гэхдээ энэ бол нэлээд бага хэмжээгээр тооцсон мөнгө гэж хэлэх ч хүн байх юм билээ. Харин компаниудын төлбөрт өгөх нөхөн төлбөрийг хэдэн тэрбум төгрөг болохыг одоогоор хэн ч хэлж чадахгүй. Хоёр жилийн өмнө л долоон тэрбум хавьцаа гэсэн тоо сонсогдож байсан бол өнөөдөр үүнийг “Хэдхэн компанийн нөхөн төлбөр” гэж жуумалзах хүмүүс байгаа юм.

68 хувийн татвар алтны контрбандыг цэцэглүүлж, Монголбанкны алтны санг дундруулсан бол, урт нэртэй хууль Засгийн газрыг томоос том өрөнд оруулчихсан. Уул усандаа хайртай эрхэм гишүүд маань лицензийг нь цуцалсан компаниуддаа төрөөс нөхөн төлбөр олгохоор амлачихсан. Харин нөхөн төлбөр хэмээх хоёрхон үг нь хэдий хэмжээний үнэтэй болохыг тэд даанч тооцоолоогүй. Хуулийн биелүүлэх болохоор төсвөө шавхаад нөхөн төлбөрт тавиад туучих гээд байгаа болохоор засаглалынхан яарахгүй нь лавтай. Түүнээс гадна усны эх гэдгийг хаанаас тооцох, хуулиар цуцлах ёстой лицензт талбай нь хэдүй хэмжээний байх талаар тогтоох гэж төрийн албаныхан хөгөө хөлдөө чирж байгаа нь тэдний ажлын ерөнхий хэв төрхийг ч харуулаад л байгаа хэрэг.

Их аваргыг билэгдсэн 68 хувийн татвар, араасаа чиргүүлтэй урт нэртэй хууль хөрөнгө оруулагчид ямархуухан цохилт өгч, хууль зүй талаар тогтворгүй, малынхаа бэлчээр дээрээс гэнэт да,вхиад явчихдаг шиг хаашаа ч “харайлгаж” мэдэх улстөрчидтэй, өөрөөр хэлбэл хуулийн тогтолцоотой тийм л улс гэдэг тамгийг дарж орхисон. Урт нэртэй хуулиас үүдээд ямархан маргаан, сунжраан дэгдээд байгааг та бид ч харж л байгаа. Хамгийн гол нь урт нэртэй хуулийн урт сүүл компаниудад хүндээр тусч байгаа гэдгийг харамсалтай нь олонх маань санахыг хүсэхгүй байна. Зарим нь хайгуул шинжилгээгээ хийгээд, зарим нь олборлолтоо хийгээд эхэлчихсэн байсан компаниудын хувьд энэ бол зүгээр л дампуурлын хууль болсон нь тодорхой. Эх орны маань баялгийг, уул голын маань ундарга дээрээс нь ухаж сийчиж байгаа тэднийг өрөвдөх нь бүү хэл, харин заазуурдах ёстой гэж хилэгнэж буй эх орончдын хувьд хэн хаана ямар ажил хийгээд, ямар нөхцөл байдал үүсээд байсныг хуулийн нэрээр бужигнуулж орхисон, хамгийн гол хэн тэдэнд мөнгөө энд аваачиж “булаад” дампуураарай гэсэн зөвшөөрлийг буюу лицензийг олгосныг саначих хэрэгтэй. Тэгээд ус голын эх, ойн сав газарт хүйтэн гараа дүрэгсдийг үүгээр хөөн зайлуулсан ч хэрэг болоогүй. Харьцангуй соёлтой компаниуд үйл ажиллагаа явуулахаар эхлүүлээд, дараа нь нөхөн сэргээлтийг нь хийхийг шаардах эзэнтэй байгаа газарт одоо урт нэртэй хуулийн сургаар нинжа нар очоод түйвээж орхисон нь ч бий. Үнэхээр гол мөрөнг, ой тайгыг минь сүйдлээд байгаа нөхөдтэй тэмцэж, тэднийг жинхэнэ заазуурдаж хаях нь төрийн үүрэг. Гэтэл тэр үүргээ гүйцэтгэж чадахгүй байж хий эх оронч царайлан хэнхдэгээ дэлдэгсдийн үг үнэн бөгөөд уран чамин сонсогдож магадгүй. Гэвч ийн популист баг өмсөхийнхөө зэрэгцээ хувийн бизнесийн, компаниудын эрх ашиг руу дайран орох санаархал бий ч гэдгийг мартаж боломгүй. Үнэндээ ч өнөөдөр бизнес гэдгийг, баялгийг бүтээгчид, үгүйдээ л төсвийг нь тэжээгчид гэж харахаасаа илүү уул уурхайн компаниуд гэж шүдээ зуух нь олонх нь байх. Гэвч бид чөлөөт эдийн засгийн зах зээлийн сонгосон л юм бол, татвараар төрөө тэжээдэг гэдгээ мэддэг л юм бол бизнесийн байгууллагууд руу ийнхүү болсон болоогүй хууль тэргүүтнээр далайлган дайрах учиргүй гэдгээ мэддэг л байх ёстой.

Хэрвээ лизензийг нь хурааж байгаа юм бол төр та амласан нөхөн төлбөрөө төлөх л ёстой.  Төр таны алмай салмай байсан, төрийн албатууд чинь ус голынхоо сав газарт лиценз өгчихсөний л төлбөр шүү дээ, угтаа энэ чинь. Тийм болохоор төр та нөхөн төлбөрөө төл дөө… 

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж