Тэрбээр "Эдийн засаг нь хурдацтай өсч буй Монголын уул уурхайн салбарт дэд бүтцийг хөгжүүлэх асар их боломж байгааг бид харсан. Монгол Улсад салбараа нээх энэ шийдвэр дэлхийн олон оронд хүнд даацын зам, уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх манай компанийн стратегид нийцсэн. Энэ алхам бидэнд байнгын болон ирээдүйн үйлчлүүлэгчдэдээ илүү ойртох боломжийг нээж байгаа юм. CANARAIL энэ төрлийн зах зээл дэх байр сууриа батжуулж, нөлөөгөө бэхжүүлэхийн тулд Монголын стратегийн зөвлөх шилдэг компаниудын нэг “ZAZA Corporate Counsel LLC” –тэй хамтран ажиллах болно” гэжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд CANARAIL Монголд хэд хэдэн томоохон компанитай гэрээ байгуулсан. Түүний нэг нь “Mongolian Mining Corporation”-ы охин компани “Energy Resources Rail” (ERR). “Energy Resources Rail” компани Mott McDonald and CANARAIL-тай хамтран Ухаахудаг болон Гашуунсухайтын хооронд шинэ төмөр зам тавих мандат авчээ. Харин “CANARAIL” компани “Energy Resources Rail”-тай хамтран өөр нэг төслийн техник эдийн засгийн үндэслэл болон загварыг гаргахад зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. “CANARAIL” нь төмөр замын тээвэр, ялангуяа уул уурхайн дэд бүтэц, хүнд даацын замын технологийн зөвлөхөөр дагнасан бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд олон улсын томоохон төслүүд дээр ажиллаж байжээ.
"Төмөр замын тээвэр бол түүхий эдийг хамгийн хямд өртгөөр тээвэрлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах шалгарсан зам. Мөн төмөр замын тээвэр авто замыг бодвол байгаль орчинд сөрөг нөлөө учруулахгүй сайн талтай” хэмээн “CANARAIL” компанийн ерөнхийлөгч Мигель Валеро ярьжээ. Монголд салбараа нээснээр “CANARAIL” Ази дахь зах зээлээ өргөжүүлэх боломж нээгдэж байгаа аж. Тус компани мөн Камбож, Бангладеш зэрэг орнуудад олон төсөл хэрэгжүүлж байгаа юм байна.
1991 онд байгуулагдсан “CANARAIL” компани нь уул уурхайн төмөр зам, дэд бүтэц, хүнд даацын зам чиглэлээр мэргэшсэн зөвлөх компани бөгөөд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, загвар гаргах, төслийг гардан хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд “CANARAIL” компани Канад, Ойрхи Дорнод, Ази, Африк, Австрали, Европ, Латин Америкийн улс орнуудад нийт 500 гаруй төсөл хэрэгжүүлсэн байна.