Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 2

Энэ өдөр төржээ

Ганс Христиан Андерсен, Данийн үлгэрийн зохиолч (1805.04.02-1875.08.4)
Ганс Христиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Данийн Фюн арлын Оденсе хотноо төржээ. Бага наснаасаа мөрөөдөмтгий хүүхэд байсан бөгөөд гэртээ үлгэр зохион жүжиг болгон тавьдаг байжээ. Хүүхэлдэйн театрт их дуртай байсан гэдэг. 1816 онд эхлээд оёдолчны туслах дараа нь тамхины үйлдвэрт ажиллаж байлаа. Ирээдүйн зохиолч 14 настайдаа Данийн нийслэл Копенгаген хотод иржээ. Тэр үеэр Андерсен таван үзэгдэлтэй жүжиг бичээд түүнийгээ театрт тавих санхүүжилт өгөхийг гуйн хаанд захиа бичжээ. Хааны тусламжтайгаар тэр эхлээд Слагелсийн сургуульд, дараа нь Эльсинорийн сургуульд улсын тэтгэлэгээр сурчээ. “Холмен сувгаас Амагерийн зах хүртэл явган аялсан нь” гэдэг зөгнөлт өгүүллийг 1829 онд нийтлүүлэв. 1835 онд хэвлэгдсэн “Үлгэрүүд” түүнийг алдаршуулжээ. 1839-1845 онд тэрээр “Үлгэрүүд”-ийнхээ хоёр ба гуравдугаар дэвтрийг бичсэн байна.

“Зурагтай ба зураггүй ном” гэсэн түүврээ 1840 онд хэвлүүлжээ. 1847 онд тэрээр Англид очсон юм. 1872 онд өндрөөс унахдаа хүнд бэртэл аван гурван жил хэвтэрт байлаа. 1872 оны Зул сарын өмнө тэрээр хамгийн сүүлчийн үлгэрээ зохиожээ. Ганс Христиан Андерсен 1875 оны наймдугаар сарын 4-нд таалал төгссөн ба түүнийг Копенгагены Ассистэнс оршуулгын газар нутаглуулжээ.

Түүний хамгийн алдартай “Нугасны муухай дэгдээхэй”, “Зэрлэг хунгууд”, “Ямх охин”, “Цасан хатан хаан”, “Лусын охин” зэрэг үлгэр нь гадаадын олон хэлнээ түүний дотор монгол хэлнээ хөрвүүлэгджээ.

Их үлгэрчийн төрсөн өдрөөр дэлхий даяар Олон улсын хүүхдийн номын баярыг тэмдэглэдэг.

Энэ өдөр таалал төгсчээ

III Фердинанд , Ариун Ромын эзэн хаан (1608.06.13-1657.04.02)
Эзэн хаан II Фердинанда ба Баварийн герцогийн ахайтан Мария Аннагийн том хүү III Фердинанд, 1608 оны зургадугаар сарын 13-нд Граце хотноо төржээ. Иезүит заншлаар хүмүүжсэн тэр 1625 он Унгарын, 1627 онд Чехийн вангаар өргөмжлөгджээ. Арван гурван жилийн дайнд Фердинанд эзэнт улсын армийг командлах хүсэлтэй байсан ч тэр үед армийг толгойлж байсан Валленштейн үүнийг зөвшөөрсөнгүй. Харин 1634 онд Валленштейн нас барсаны дараа Фердинанд армийг командлан Регенсбург, Донаувертын дэргэд ялалт байгуулсан бөгөөд шведүүдийг Нордлингены дэргэд ялагч гэгддэг (үнэн хэрэгтээ тэнд армийг Матиас Галлас толгойлсон юм). Фердинандыг 1636 онд Ромын хаан болгожээ. Эцгийгээ нас барсны дараа 1637 онд Ариун Ромын эзэнт улсын эзэн хаан болсон юм. Тэрээр Арван гурван жилийн дайныг төгсгөх хүсэлтэй байсан ч протестантуудад шашны эрх чөлөөг өгөхийн эсрэг байв. Тэрээр шведийн партизануудын удирдагч Гельмгольдад 1647 онд олзлогдохоо шахаад арай гэж мултарсан байв. Ингээд 1648 онд тэрээр Вестфалийн энх тайвны гэрээг байгуулан протестантуудад эрх чөлөөг олгосон юм. Дайны дараа хаан 1654 он гэхэд л нутаг орноо элдэв дээрэмчдийн бүлгээс цэвэрлэж чадсан гэнэ.

1656 онд Фердинанд армиа Италид илгээн испаничуудтай холбоотон болон Францтай тэмцсэн бөгөөд 1657 онд Польштай нийлэн Шведийн Х Карл вангийн эсрэг хамтран байлдах гэрээг байгуулж байжээ. Фердинанд 1657 оны дөрөвдүгээр сарын 2-нд Вена хотноо нас баржээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж