Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Чагтага М.Энхсайхан

Ц.Цолмон МҮАН-аас гарч МАХН-д орсноор Өүлэн эхийн таван сумны эцсийнх нь хугарч уналаа.

УИХ-ын сонгуулийн өмнө МАХН, МҮАН, БНН болон хоёр жижиг нам нийлэн олон түмний өмнө таван сум нийлүүлэн боож татаж чангаагаад хугалж барахгүй байсан нь саяхан. Гэвч сонгуулийн өмнө Б.Жаргалсайхан гэнэт л хоёр “Э”-гийнхээ өөдгүй, өнгөгүйг олж мэдэн толгой сэгсэрч Ц.Шинэбаяртай нийлэхээр салж одсон.

Ингэснээр үндсэндээ өнөөх Өүлэн эхийн таван сум хоёр болсон. Учир нь үлдсэн дөрвөн намын хоёр жижиг нь Н.Энхбаярын өөрийнх нь байгуулсан нам байсан болохоор тоолох аргагүй.

Ингээд хоёр сум сураараа бат бэх холбогдоод хэр хол явахаа үзэх гэж байтал гайтай Ц.Цолмон батлахаа сольсноор үлдсэн хоёр сум хугарч унахад хүрээд байна. Өнөөдөр “Шударга ёс” эвсэл хэрхэхийг харан улс төрийн өнгө ямар тийшээ туяарахаа шийдэн ядаж байна. Эл эвсэл тарвал олонх болсон АН-д ч халгаатай, цөөнхийн төлөөлөл МАН-д ч нөлөөтэй. Иймээс өнөөдөр улс төрийн хүрээнд “Шударга ёс” эвсэл хэрхэхийг амьсгаа даран хүлээж байна. Үнэндээ “Шударга ёс” эвсэл гэхээсээ илүүтэй улс төрийн гол хөзөр М.Энхсайханы гарт төвлөрч түүний үйл хөдлөл бүр Монгол төрийн уур амьсгалыг эргүүлчих гээд байна л даа.

Харин энэ бүхний хариулт болгон М.Энхсайхан дорвитой алхам хийхгүй, инээдээ барьж ядан суух шиг. Түүний Н.Энхбаяртай муудах, түүнийг муулан толгой сэгсрэх энэ тэр одоо сонин биш, хоцрогдсон асуудал. Гагцхүү М.Энхсайхан хэрхэхээс Өүлэн эхийн таван сумнаас үлдсэн хоёр сумыг торгоож буй чагтага мултрах эсэх нь тодорхой болно.  

Харин “Шударга ёс” эвслийг бужигнахад хүргэсэн хэргийн эзэн хэнгэргийн дохиур Ц.Цолмон “Монголчуудын зан юм даа. Манайхны муу зан илэрч байна гэж өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж болно. Хоёр монгол мөнгөгүй байхдаа нийлээд нэг компани байгуулчихаад хожим мөнгөтэй болоод муудалцаад салдаг. Манай хоёр намын харилцаа ч гэсэн тэр маягийн процесс юм.

 Өдгөөгөөс хагас жилийн өмнө МАХН, МҮАН хоёр нам засагт байгаагүй. Зөвхөн бие биедээ хэрэгтэй гээд эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцож тодорхой хэмжээний амжилттайгаар төр барилцаад явж байна. Өөрөөр хэлбэл, компани байгуулсан хоёр тал мөнгө, эрх мэдэлтэй болсон гэсэн үг. Өнөөдрийн бодит байдлыг ний нуугүй хэлэхэд МАХН, МҮАН хоёр бие биенээ үгүйсгэх, голох нь хэрээс хэтэрч байна. Энэ нь тодорхой хүмүүсийн зан араншинтай холбоотой. Миний хувьд хоёр намын удирдлагууд ямар зан араншинтай вэ гэдгээс үл хамаарч нэгдэх ёстой гэсэн зарчим баримталж байгаа. Өөр хоорондоо таарамжгүй хүмүүс байсан  ч хамаагүй нэг нам болоод ажиллах ёстой”  гэж ирээд сүрхий мэдэгдэл хийсэн.

Үнэндээ 15 жил журмын анд хэмээн итгэж хамтдаа зүтгэсэн М.Энхсайханаа парламентад оронгуутаа хаяснаас нь харахад дээрх сүрхий мэдэглүүд өөрт нь эргэх холбоогоор хамаатай ч юм шиг. Ямар ч байсан улс төрийн хүрээнд М.Энхсайханы үзүүлэх хариу реакци ямар байхыг харах хязгааргүй хүлээлтэд орчихлоо. Мэдээж хэрэг хамтарсан Засгийн газраас бялуу хүртсэн сайд, дарга нар өөр өөрийн суудлаа бөхлөхийн тулд “Энэ бол улс төрд байдаг л асуудал. Ерөөсөө ардчиллын зарчим. Улс орон, энхрий хайрт ард түмнийхээ төлөө засгаа задлахгүй, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ” энэ тэр гээд дотор муухайртал бялдуучилсан ярилцлагуудыг өгч эхлээд байна.

УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ц.Нямдорж хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би хэдэн жил улс төрд явсан хүн мэдэж байна. Та нар харж л байгаарай наад Энхсайхан, Энхбаяр хоёр чинь удахгүй муудалцаад нохой, гахайдаа хүрнэ. Миний үнэн байж гэдгийг та нар харна зүгээр” гэж байв. Харин тэр үед бүгд л хоёр “Э” сална, муудалцана гэдэг байж боломгүй асуудал хэмээцгээж байсан. Гэтэл өнөөдөр Ц.Нямдорж далдыг хардаг далай лам аятай үйл явдлын үнэнийг тэр үед айлдаж байсан нь тодорхой боллоо.

Мөн өнөөдрийн байдлаар орон нутгийн сонгуульд л гэхэд “Шударга ёс” задран тус тусдаа өөр намуудтай эвсч хамсаад орох нь тодорхой болоод ирлээ. Тэгэхээр бүх асуултыг өөр дээрээ хураачихаад байгаа чагтага М.Энхсайхан үйлдлээрээ үгээ хэлээд байгаа хэрэг бус уу.

М.МӨНХЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж