Наото Кан гамшигт нэрвэгдсэн бүст очлоо

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Наото Кан гамшигт нэрвэгдсэн бүст очлоо

Японы Ерөнхий сайд Наото Кан цунамигийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн зүүн хойд эргийн газруудад өнөөдөр очлоо. Цунами дайрсан өдрийн маргааш буюу өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд Наото Кан гамшгийн бүсийг нисдэг тэргээр эргэсэн бөгөөд өнөөдөр анх удаа гамшгийн бүст хөл тавилаа.
Гамшгийн бүст өргөн хэмжээний аврах, цогцсыг хайх ажил хийгдэж байна. Японы Засгийн газрын албан мэдээгээр цунамид 11.500 хүн амь үрэгджээ. Гэвч амь үрэгдэгсдийн тоо эцэслэн гараагүй байгаа юм.
Ерөнхий сайд Кан “Японы Засгийн газар иргэдээ аврахын тулд боломжтой бүх зүйлээ хийнэ” хэмээн Рикузентакатад ирээд мэдэгдлээ.
“Загас агнуурын аж ахуйг хэрхэн хурдан сэргээн хэвийн горимд оруулах талаар орон нутгийн удирдлагуудтай ярьж байна. Бид боломжтой бүхнийг хийх болно” хэмээн Кан хэллээ.
“Эргийн дагуу амьдарч байсан иргэд орон гэрээ одоо хаана барих вэ гэж асууж байна, хариуд нь би Засгийн газар таныг насан туршид тань дэмжин туслана гэж хэлж байна” хэмээн Кан сэтгүүлчдэд ярьжээ. Гэвч цунамид өртсөн 60 настай Руоко Оцубо Ерөнхий сайд “цаг алдаж ирж байна” хэмээн үзэж байна. “Хэтэрхий орой ирлээ. Бүх зүйл ундуй сундуй, зам харгуй сүйдсэн байхад түүнийг энд би харахыг хүсч байсан юм” хэмээн Оцубо хэлж байна.
Токиогоос цэргийн нисдэг тэргээр хөөрсөн Кан Фукушимагийн ойролцоо газардсаныхаа дараа Рикузентакатад иржээ.
Өнөөдрийн байдлаар Японы болон АНУ-ын 100 гаруй агаарын болон далайн хөлөг онгоц 24 мянган цэргийн алба хаагчийн оролцоотойгоор зүүн хойд эргийн дагуу амь үрэгдэгсдийн цогцсыг хайн цуглуулж байгаа юм. Усанд урссан байшин, хөлөг онгоц, замын асфальт эрэг дагуу хөглөрч, энэ доор байгаа цогцсыг хайх ажилд хүндрэл учруулж байна. Мөн цацрагийн тархалтын улмаас Фукушимагийн атомын цахилгаан станцын ойр хавьд аврах ажиллагаа хийхгүй байгаа бөгөөд энэ хавьд дор хаяж 1000 гаруй цогцос бий гэж таамаглаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж