Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Супер мэтгэлцээн-2

Барак Обама, Митт Ромни нарын
мэтгэлцээний түрүүчийг ЭНД дарж уншина уу.


Лерер: Бид яг эндээс л яриагаа эхэлсэн дээ. Амбан захирагч Ромни сая төлөвлөгөөнийхөө талаар дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Танд хэлэх зүйл байна уу ноён Ерөнхийлөгч өө?

Обама: Энэ хүн 18 сарын турш үүнийг л тасралтгүй ярьсан. Харин сонгууль болоход тавхан долоо хоног үлдээд байхад түүний том, зоригтой санаа нь “За яахав, болох байлгүй дээ” юм уу. Тэгэхээр таны дүрслэн ярьж байгаагаар татварын хэмжээг багасгах юм бол тэр их мөнгийг зөвхөн хөнгөлөлт, зээл зэргийг багасгаснаар яаж гаргаж авах вэ. Энэ бол бололцоогүй зүйл. Тиймээс нийгмийн дундаж давхаргыг эргээд татвараар дарамтлахаас өөр аргагүй болно. Энэ бол хамгийн энгийн тооцоолол. Амбан захирагч Ромни бид хоёул жижиг бизнесийг дэмжин хөгжүүлэх сонирхолтой гэдэг нь тодорхой. Миний боловсруулсан татварын төлөвлөгөөнд айл өрхөд ноогдох татварыг 98 хувь бууруулж, жижиг бизнес, аж ахуйн нэгжийн татварыг 18 дахин багасгасан шүү дээ. Би цаашид ч айл өрх, жижиг аж ахуйн нэгжид ноогдох татварыг үргэлжлүүлэн бууруулахыг хүсч байна. Жилд 250 доллараас илүү орлоготой хүмүүсийн хувьд бид Билл Клинтоны засаг захиргааны үед хэрэгжүүлж байсан бодлогыг эргэж харах хэрэгтэй. Тэр үед 23 сая шинэ ажлын байр бий болгосны дараа ажлын байрны дутагдал маань илүүдэл болон хувирсан юм. Энэ яагаад чухал вэ гэхээр иймэрхүү арга замаар бид хомсдлыг бууруулж чадахгүй. Зөвхөн жижиг бизнесийг дэмжсэнээр ажлын байр ихээр бий болно гэж ойлгож болохгүй. Иймээс өөр чухал хүчин зүйлүүд гэвэл боловсрол, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах явдал гэж би боддог. Жижиг бизнесийг тодорхойлох тал дээр ч бидэнд ялгаа бий. Миний төлөвлөгөөнд жижиг аж ахуйн нэгжүүдийн 97 хувьд орлогын татвар өсөхгүй. Харин үлдсэн гурван хувь нь ажлын байр бий болгогчид бөгөөд татварын дарамт тэдэн дээр ирнэ хэмээн миний өрсөлдөгч Ромни хэлээд байгаа.  Гэтэл Ромнигийн тодорхойлж буйгаар жижиг бизнес эрхэлж буй хэдэн сая саятан тэрбумтан манай улсад байна. Жишээлбэл, Доналд Трамп жижиг бизнес эрхэлж байгаа юу. Доналд Трамп өөрийг нь жижиг бизнес эрхэлж байгаа гэж үзвэл дуртай байхгүй л байх. Гэтэл амбан захирагч таны жижиг бизнесийн тухай ойлголт ийм л байна шүү дээ. Ийм арга замаар явбал манай эдийн засаг өснө гэж байхгүй л дээ. Учир нь гэвэл дундаж давхаргыг татварын дарамтад оруулахгүйгээр ийм эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхээр зүтгэх юм бол бид боловсрол зэрэг чухал салбаруудын хөрөнгө оруулалтыг ихээр хумих зам л үлдэнэ. Энэ бол үнэхээр том алдаа болно.

Лерер: За тийм байж.

Ромни: Жим би дахиад товч тайлбар хийгээдэхье.

Лерер: Цаг бага үлдээд байна…

Ромни: Бидний ярьж буй жижиг бизнес гэдэг бол……………

Лерер: Уучлаарай. Бид аль хэдийн энэ хэсэгт оногдсон арван таван минутаа хэтрүүлчихлээ. Гэхдээ энэ бол том асуудал биш. Бид эдийн засгийн талаар л үргэлжлүүлэн ярилцах болно.

Татварын тухай дахин сөхье л дөө. Би хомсдол гэх мэт олон зүйлийн талаар та бүхний санаа бодлыг сонсох хүсэлтэй байна. За та үргэлжлүүл дээ.

Ромни: Би тантай зарим нэг зүйл дээр санал нэг байна. Жижиг аж ахуйн нэгжүүдийн 97 хувийнх нь татвар бага байгаа нь үнэн. Гэхдээ үлдсэн гуравхан хувь нь жижиг бизнесийн салбарт ажиллаж буй нийт иргэдийн тал хувийг цалинжуулдаг юм. Тэд бол Америкийн нийт ажиллах хүчний дөрөвний нэгийг ажлын байртай байлгадаг. Гэтэл таны төлөвлөгөөгөөр тэдний татварын хэмжээг 35-аас 40 хувь хүртэл өсгөх юм байна. Сэйнт Луист явж байхдаа  жижиг бизнес эрхэлдэг нэг эртэй би ярьж үзсэн. Тэр цахилгаан бүтээгдхүүний бизнестэй ба нийт дөрвөн хүн ажилладаг. Татварт хэр зэрэг мөнгө төлдгөө хүүтэйгээ хамт  тооцоод үзэж л дээ. Холбооны Засгийн газрын орлогын албан татвар, холбооны Засгийн газрын хувь хүний орлогын албан татвар, муж улсын орлогын албан татвар, муж улсын худалдааны татвар, муж улсын үл хөдлөх хөрөнгийн татвар, шатахууны татвар гэх мэтээр төлсөөр байгаад энэ хүмүүс олсон орлогынхоо тавин хувийг татварт өгдөг байна. Бие Даасан Бизнесийн Холбооноос энэхүү татварын хэмжээ 700,000 ажлын байртай тэнцэнэ гэсэн тооцоолол гаргажээ.

Би ажлын байрыг ийм үнээр алдмааргүй байна. Миний гол зорилго бол ажлын байрыг нэмэгдүүлэх явдал. Иймээс би татварын хэмжээг бууруулж, зээл хөнгөлөлт зэргийг багасгах замаар ажлын байр бий болгох чухал байгаа юм. Олон хүн ажиллуулж, цалин өндөр төлж, татвар илүү төлж байснаас тэнцвэртэй төсөвтэй байсан нь хамаагүй дээр биз дээ. Төсвийг тэнцвэржүүлэхийн тулд хийх хамгийн зөв бөгөөд үр дүнтэй арга үүнээс өөр хаана ч байхгүй.

Обама: Жим та өөр сэдэв рүү шилжих гээд яарч байгааг би ойлгож байна. Гэвч би ганц л юм хэлье. Миний хийх гэж буй зүйл бол Америкийн ард түмний тусын тулд юм. Харин татварын хөнгөлөлтөөс таван триллион доллар алдаж, дээрээс нь батлан хамгаалах төсвөө хоёр триллионоор нэмэгдүүлээд нийт долоон триллионыг зөвхөн зээл, хөнгөлөлтийг багасгах замаар олж авна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Энэ төлөвлөгөө биелэхгүй гэдгийг би хэлж чадна.

Амбан захирагч Ромнигийн ярьж байгаа зүйл ажлын байр нэмэгдүүлэхэд тус болохгүй гэдгийг түүх харуулсан. Бид түүний ярьж байгаа зүйлийг хийж үзсэн. Бид хоёр арга замыг хоёуланг нь туршиж үзсэн. Амбан захирагчийн ярьж буй арга зам бол  2001-2003 он хүртэл хийгдсэн борлуулалтын сурталчилгаатай адил зүйл юм.  Гэтэл тэр үед сүүлийн 50 жилийн хугацаанд ажлын байрны өсөлт хамгийн удаан явагдсан жилүүд тэр л үе байсан шүү дээ. Ажлын байрны илүүдлээс дутагдалд орсон. Үүнээс болж их хямралын дараах хамгийн хэцүү хямралын үеийг туулах шаардлагатай бид тулгарсан.

Билл Клинтон миний ярьж буй арга замыг хэрэгжүүлсэн. Бид 23 сая шинэ ажлын байр бий болгосон. Бид ажлын байрны хомсдлоос илүүдэлд орсон. Энэ үед аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тун сайн байсан. Аль арга зам ажлын байрыг олноор бий болгож Америкийн ард түмэнд илүү боломж олгож чадах талаар надад судалсан зүйл байна. Дундаж давхарга татварын дарамтаас гарч халаасандаа илүү мөнгөтэй болж, энэ гайхамшигтай сайхан оронд амьдарч байгаа учраас тодорхой түвшинд хүрч сайн сайхан амьдарч буй хэсэг нь  эх орондоо тулгараад буй асуудлыг шийдэхийн тулд бага зэрэг илүү мөнгө гаргах замаар явсан цагт эдийн засаг сайжирна.

Ромни:  Жим, Ерөнхийлөгч энэ хэсгийн мэтгэлцээнийг эхлүүлсэн. Тэгэхээр дуусгах нь миний үүрэг байх.

Лерер: Уг нь та дараагийн хэсгийг тэртэй тэргүй эхлүүлнэ л дээ.

Ромни:  За яахав. Хэрэв тэр эхлүүлсэн бол би дуусгах ёстой л гэж би бодож байна. Би ганц л зүйл хэлье.

Ромни:  Би түрүүнд хэлснээ давтан хэлэхийг хүсч байна. Би таван триллион долларын татварын хөнгөлөлтийн төлөө явж байгаа юм биш. Энэ бол миний төлөвлөгөө биш. Миний төлөвлөгөө бол татварын хөнгөлөлтийг хямралд хүргэн хэмжээнд аваачихгүй байх явдал. Энэ бол нэгдүгээр асуудал.

Хоёрдугаарт нь бүгдээрээ түүхийн хуудсыг эргэн сөхье. Миний төлөвлөгөөг өмнө нь хэн нэгэн хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй. Миний төлөвлөгөө бол татварын хэмжээг бууруулж үүнээс алдсан орлогогоо шаардлагагүй хүмүүс, аж ахуйн нэгжид оногдох хөнгөлөлт, зээл зэргийг багасгах замаар олох явдал. Ингэснээр төсөв алдагдалд орохгүй. Харин татварын хэмжээг бууруулснаар ажлын байр нэмэгдэх нь дамжиггүй.

Миний гол зорилго бол ард түмнээ ажлын байртай болгох явдал. Ажилгүй хүмүүс л энэ нийгэмд хамгийн их зовж байна. Бид энд баримтын талаар ярьж байна. Тэгвэл сүүлийн дөрвөн жилд юу болсон талаар баримттай ярья л даа. Итгэхэд бэрх. Энэ хугацаанд 23 сая хүн ажилгүй болж, ажил эрэхээ ч зогссон. Ерөнхийлөгчийг ажлаа авахад 32 сая хүнд хүнсний тасалбар олгодог байсан бол одоо 47 сая хүн авч байна. Эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө улам бүр буурч байна.

Лерер: За бид эдийн засгийн тухай ярьсаар л байна. Угаасаа хоёрдугаар хэсэг маанд эдийн засгийн талаар болохоор бид энэ сэдвийг үргэлжлүүлж байгаа юм. Гэхдээ холбооны Засгийн газрын хомсдол болон өрийн тухай онцлон ярилцаж буй.

Энэ улс оронд нүүрлээд байгаа хямралыг даван туулах талаар та бүхний баримталж буй бодлого юугаараа ялгарах вэ. Та бүхэн хоёр минутад багтаж үзэл бодлоо тайлбарлан ярих ёстой. Үүний өмнө Ерөнхийлөгч эхэлсэн учраас одоо ноён Ромни таны ээлж.

Ромни: Энэ асуултыг гаргаж ирсэнд танд баярлалаа. Энэ бол үнэхээр чухал бөгөөд зөвхөн эдийн засгийн салбарт хамаарах асуудал биш юм. Энэ бол ухамсрын асуудал мөн. Хэрэгцээнээсээ илүү ихийг зарцуулж, дараа үедээ өр өвлүүлэх ухамсар манай үеийнхэнд байх ёсгүй. Хойч үе маань бидний тавьсан өрийн хүүг төлж, бүхэл амьдралаа утгагүй байдалд өнгөрүүлэхийн бид зөвшөөрөх ёсгүй.  Иймээс жил бүр нэг триллионоор нэмэгдэж буй өрийг байлгана гэдэг ямар ч ухамсаргүй хэрэг биш гэж үү.

Үүнийг тэгэхээр хэрхэн шийдвэрлэх ёстой вэ. Математик аргаар бодвол энэхүү хямралыг даван туулах гурван арга байж болно. Нэгдүгээрт татварыг өсгөх. Хоёрдугаарт зарцуулалтаа хумих. Энэхүү үйл явцын үр дүнд эдийн засаг өсөх ёстой. Учир нь өсөж буй эдийн засагтай улс оронд олон хүн ажлын байраар хангагдвал төлөх татварын хэмжээ нэмэгдэнэ хэмээн үзэж болох юм.

Ерөнхийлөгчид татварыг өсгөхийг эрмэлзэж буйг би ойлгож байна. Татвар өссөнөөр эдийн засгийн өсөлт буурна. Ийм замаар зорилгодоо хүрэхгүй. Би харин зарцуулалтыг багасгаж, эдийн засгаа өсгөх бодлого баримтлахыг хүсч байна.

Төсвийн зарцуулалтаас юу хасах гэж байна хэмээн та бүхэн асуух байх. Юуны түрүүнд би эхлээд шалгалт хийж, уг шалгалтыг даваагүй бүхнийг төсвөөс хасна. Энэ хөтөлбөр үнэхээр хэрэгтэй юу  Хятадаас мөнгө зээлж хэрэгжүүлснээр тийм чухал үр дүн гарах уу хэмээх асуултыг давж гараагүй бүх хөтөлбөрүүдэд би баяртай хэмээн хэлнэ. Үүнд: Обамагийн хэрэгжүүлж байгаа халамжийн бодлого хамгийн түрүүнд орно.

Ийн хэлсэнд ноён Ерөнхийлөгчөөс хүлцэл өчье. Гэхдээ таныг доромжилж байгаа юм биш шүү.

Обама: Зүгээр зүгээр

Ромни:  Ашгүй дээ. Тэгэхээр би тэр бүгдээс хамгийн түрүүнд сална.

Уучлаарай Жим. Гэхдээ би хамгийн түрүүнд олон нийтийн хэвлэл мэдээллийг үйлчилгээнээс татгалзана. Надад Биг Биорд, PBS ч таалагддаг. Та ч надад таалагддаг. Гэхдээ Хятадаас зээлэн байж ийм үйлчилгээнд татаас өгдгөө би шууд болино.

Хоёрдугаарт, муж улсын түвшинд хэрэгжилт нь үр дүнтэй байгаа хөтөлбөрүүдийг орон нутагт нь шилжүүлнэ.

Гуравдугаарт засгийн газрын бүтцийг цомхотгож, зарим яам агентлагийг нэгтгэнэ.
Ингэж л би улсынхаа төсвийг тэнцвэртэй болгоно доо.

Ерөнхийлөгч төсвийн хомсдлыг хагас хувиар бууруулсан гэж ярилаа. Гэтэл тэр үнэн хэрэгтээ хоёр дахин өсгөсөн юм шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн дотор тэр нэг триллион долларын төсвийн хомсдол бий болгосон. Энэ Ерөнхийлөгч өмнөх бүх Ерөнхийлөгчдийнхөө хамтдаа бий болгосноос илүү хэмжээний төсвийн хомсдол тарьсан юм шүү.

Лерер: Ноён ерөнхийлөгч өө, таны хоёр минут.

Обама: Намайг анх Цагаан ордон дахь ажлын байрандаа  орох үед нэг триллион гаруй долларын хомсдол хүлээж байсан юм. Гэтэл энэхүү хомсдол хаанаас үүссэн бэ. Хоёр удаагийн дайн, хоёр удаагийн татварын хөнгөлөлт, төсөвгүй хөтөлбөрүүд, нийтийг хамарсан эдийн засгийн хямрал зэргээс бий болсон өр.

Ийм учраас бид Их Хямрал руу дахин орохгүйн тулд зарим онцгой арга хэмжээг авч эхэлсэн. Гэхдээ бид өөрсдөдөө эдийн засгийн өсөлтөд нэмэр болохгүй байгаа хөтөлбөрүүдийг багасгая гэж хэлсэн. Ийнхүү Засгийн газраас агаарын хүчний чадавхийг бэхжүүлэхээр  хэрэгжүүлж байсан  77 хөтөлбөр, хүүхдийн боловсролыг сайн дэмжиж чадахгүй байсан 18 хөтөлбөрийг цуцалж, Эрүүл мэндийн тусламж, Эрүүл Мэндийн хөтөлбөрийн хүрээнд байсан булхайтай үйлдлүүдтэй өмнөхөөсөө илүү эрчимтэй тэмцэж эхэлсэн. Ингэснээр бид 50 тэр бум доллар хэмнэж чадсан.

Би Ардчилсан болон Бүгд Найрамдах намынхантай хамтран ажиллаж орон нутгийн төсвөөс нэг триллион долларын хэмнэлт гаргасан. Энэ бол Ерөнхийлөгч Двайт Эйзенхауэраас хойш орон нутгийн төсөвт хийсэн хамгийн том хэмнэлт.

Одоо үүнээс ч ихийг хийх хэрэгтэй гэдгийг бид бүгд мэднэ. Иймээс би дөрвөн триллион долларын хомсдлыг багасгах төлөвлөгөө оруулсан. Та бүхэн манай вэб сайтаас хараарай. Эндээс ямар зардлыг танаж, ямар орлого олж байгаа нь бүгд харагдана.

Тэгэхээр бид хоёр доллар тавин цент танахдаа нэг долларын нэмэлт орлого олох замаар хийгдэж байгаа. Эх орныхоо ачаар хүний зэрэгтэй амьдарч байгаа хүмүүсийг энэ хомсдлыг багасгахын тулд хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа гэж би өмнө нь хэлсэн. Хоёр намын хамтарсан комисстой би ажилласан. Бид зарлага хумих, орлого нэмэгдүүлэх үйл явцаа тэнцвэржүүлэх ёстой дээр санал нэгтэй байгаа. Энэ бол амбан захирагч Ромни бид хоёрын барих бодлогын гол ялгаа.

За би энд нэгэн дүгнэлт хэлье. Та ялгаа асуусан шүү дээ. Нэр дэвшигч Ромни нэр дэвших анхны хуралдаан дээр тайзан дээр зогсож байхдаа та арван доллар тандаар нэг долларын орлого олох гээд байна уу хэмээсэн асуултад үгүй гэж хариулсан. Хэрэв та ийм тэнцвэргүй арга зам сонгох гэж байгаа бол сургууль, боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулах гэж байна. Миний өрсөлдөгч Эмнэлгийн тусламжийн хөтөлбөрийг муж улсуудын мэдэлд өгөх талаар ярьж байна. Гэвч энэ нь асрамжийн газар амьдралынхаа сүүлийн мөчийг өнгөрүүлж буй настай иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд оногдох төсвийг танаж байна гэсэн үг шүү дээ.

Лерер: Ноён Ерөнхийлөгч өө, уучлаарай.

Обама:  Энэ бол хөгжлийн зөв стратеги огтоос биш.

Лерер: Таны хоёр минут өнгөрчихлөө

Обама: Уучлаарай.

Лерер: Амбан захирагч аа, та Симпсон-Баулзын тухай юу хэлэх вэ? Та үүнийг дэмждэг үү.

Ромни: Надад өөрийн гэсэн төлөвлөгөө бий. Энэ бол Симпсон-Баулзынхтай адил бус. Харин миний бодлоор Ерөнхийлөгч харин энэ зарчмыг хэрэгжүүлэх ёстой санагдаад байна. Бага зэрэг өөрчлөөд Конгресст өргөн бариад араас нь зүтгэхэд болохгүй юм байхгүй.

Обама:  Бид яг л тэгж хийсэн шүү дээ. Зарим нэг өөрчлөлт оруулаад Конгресст өргөн барьсан. 4 триллион долларын…….

Ромни: Гэхдээ та Ерөнхийлөгчийн албыг дөрвөн жил хашлаа шүү дээ.

Та дөрвөн жил Ерөнхийлөгч байсан. Та төсвийн хомсдлыг тал хувиар бууруулсан хэмээн ярьж байна. Гэтэл дөрвөн жилийн дараа ахиад л триллион долларын хомсдолтой сууж байна. Конгрессийн Төсвийн Хорооныхны хэлж байгаагаар бид ирэх дөрвөн жилд жил бүр нэг триллион долларын төсвийн хомсдолд орно. Та дахин сонгогдвол бид өрнөөс гарахгүй.  Дөрвөн триллион долларыг танана хэмээх санаа надад таалагдаж байна. Гэтэл жил бүр нэг триллион долларын өрөнд орсоор байгаа мөртлөө дөрвөн триллионыг хэмнэнэ гэхэд хэцүү санагдаж байна.  Ийм маягаар явбал хэцүүднэ. Би яагаад татварыг нэмэгдүүлэхгүй гээд зүтгээд байна вэ Яагаад хүмүүсийн нуруун дээр татварын ачааг нэмэгдүүлэхгүй хэмээн яриад байна вэ  Энэ талаар эргэн ярья.  Та 2010 онд “Би одоо байгаа татварын бодлогоо би тэлэхээр шийдсэн. Татварын хэмжээг нэмэхгүй.Эдийн засгийн өсөлт ийм удаан, хямралтай байхад хэний ч татварыг нэмэх ёсгүй” хэмээн ярьж байсан даа.

Гэтэл эдийн засгийн өсөлт одоо ч хэвээр байна. Үнэн хэрэгтээ таны дээрх үгийг хэлж байснаас өсөлт удааширсан. Хэрэв та тэр үед хэлсэндээ үнэнч байгаа юм бол та иргэдээ татвараар дарахгүй байхсан. Бодит байдал дээр Доналд Трамп шиг чинээлэг хүмүүсийн тухай дан ярьж байгаа юм бус. Та ганц Доналд Трампаас ч татвар аваад байгаа юм биш. Энэ бол америкийн ажилчдын гуравны нэгийг цалинжуулдаг тэр жижиг аж ахуйн нэгжүүдийг хэлээд байгаа юм. Эдгээр жижиг аж ахуйн нэгжүүдээс иргэдтэй адил л татвар авдаг.

Та татварыг нэмсэнээр ажлын байрыг үгүй болгож байна. Ийм учраас Бие Даасан Бизнесийн Үндэсний Холбоо таныг 700,000 ажлын байрыг үгүй болгоно хэмээсэн тооцоо гаргасан байх. Харин би бол ажлын байрыг үгүй болгохгүй. Дахин нэг сэдэв хөндөхийг хүсч байна.

Лерер:  Татварын талаар гарсан асуултад хариулах уу.

Ромни: Тэгье

Лерер: Ноён Ерөнхийлөгч өө?

Обама:  Бид үүний талаар өмнө хангалттай ярьсан гэж би бодож байна.

Лерер:  Төсвийн хомсдлыг багасгахын тулд татварыг багасгаснаа бусад орлогоор нөхөх талаар?

Обама: Татварыг багасгавал түүнийг нөхөх орлогын эх үүсвэр байх хэрэгтэй. Харин амбан захирагч Ромни орлогыг багасгах юм байна.

Ромни: Миний олох орлого хүмүүст ажлын байр олгож, цалинг нэмүүлж тэдний төлсөн илүү татвараас гарч ирнэ. Ингэж л эдийн засгаа хөгжүүлж, төсвөө тэнцвэржүүлэх юм. Гэтэл иргэдээ татвараар дарах, цомхотгох зэрэг аргаар хэзээ ч тэрхүү зорилтод хүрч чадахгүй. Татварыг өсгөснөөр төсвийг хэзээ ч тэнцвэртэй болгож чадахгүй.

Испани улс нийт төсвийнхөө 42 хувийг Засгийн газрын хэрэгцээнд зориулдаг. Гэтэл бид ч гэсэн 42 хувийг Засгийн газартаа оруулж байна шүү дээ. Испанийн замаар орохыг би хүсэхгүй байна. Иргэд ажилтай байж, хийсэн ажилдаа  тохирсон хөлс авч, сайн сайхан амьдардаг тэр л тогтолцоонд хүрмээр байна.

Лерер: Гэвч ноён Ерөнхийлөгч та зорилтдоо хүрэхийн тулд тэнцвэртэй байх бодлого баримтлах ёстой гэж та хэлсэн. Танд …

Обама: Хэрэв бид зорилгодоо үнэнч байх юм бол хариуцлагатай, тэнцвэртэй арга замыг сонгон авах ёстой. Энд зөвхөн хувь хүмүүсийн татвараас гадна байгууллагын татварын тогтолцоог ярих ёстой байх.

Эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлөх арга замуудыг би тогтоосон.

Нефть шатахууны салбар байгууллагын халамжийн тогтолцоонд жилд дөрвөн тэрбум долларын татаас авдаг.


Үргэлжлэл нь дараагийн дугаарт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж