Грекчүүд Меркелийг сүр дуулиантай угтав

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Грекчүүд Меркелийг сүр дуулиантай угтав

Германы холбооны канцлер Ангела Меркелийн Европын холбооны эдийн засгийн хямрал эхэлснээс хойш Грек улсад хийж буй анхны айлчлалыг афинчууд эсэргүүцлийн жагсаал, цуглаанаар угтаж авсан байна. Тиймээс Ангела Меркелийн аюулгүй байдлыг хангах үүднээс Грекийн долоон мянга орчим цагдаагийн ажилтан түүний суусан машины цуваа, явах зам болон хотын гол хэсгүүдэд эсэргүүцэгчдийг нэвтрэхээс сэргийлэн хорио тавьжээ. Хэдийгээр Грекийн цагдаа нар Ангела Меркелийн машины цуваанд хүмүүсийг 100 метрээс илүү ойртуулахгүйн тулд хамгаалалтад гарсан ч эсэргүүцэгчид түүний явсан зам болгонд отож байсан байна. Ангела Меркель Грект дахин хэмнэлт хийхэд бэлтгэх болон хэмнэлтийн боломж нөхцөлийн талаар холбогдох албаныхантай уулзалт хийхээр ирсэн аж. Хэдийгээр Грек улс 13 тэрбум еврогийн хэмнэлт хийхийг зөвшөөрсөн ч Европын холбооноос дахин 31.5 тэрбум еврогийн хэмнэлт хийх шаардлага тавьж буй. Тиймээс грекчүүд дэндүү хатуу хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэн жагсаал цуглаан хийхэд хүрчээ. Грекчүүд Германы холбооны Канцлер Ангела Меркелийг их хэмнэлтийг зохион байгуулдаг Европын холбооны гол хүн гэж үздэг байна. Германы Холбооны Канцлер  Афинд зургаан цаг хэртэй саатаж, Грекийн Ерөнхий сайд Антонис Самарастай уулзжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж