Өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэв

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.  Тус байнгын хороогоор  Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан, “Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий болон Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгүүд байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Байнгын хорооноос УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө хэлэлцэв.

 Байнгын хорооноос хамгийн түрүүнд Монгол улсын 2011 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “2011 оны гарсан төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлантай холбоотой хэдэн зөрчил илэрсэн. Тэдгээрт ямар арга хэмжээ авсан бэ” гэсэн асуулт тавилаа.

 Ерөнхий аудитын газрын дарга н.Батбаяр “Бид төсвийн тайланд нэг бүрчлэн хяналт тавьдаггүй. Санхүүгийн тайланг түүвэрлэх аргаар стандартын дагуу хийдэг. Харин санхүүгийн тайланд алдаа гарсан тохиолдолд зөв болгох заавар зөвлөмжийг өгдөг.Тэрнээс биш шийтгэх хариуцлага тооцхыг гол чиглэлээ болгон ажилладаггүй. Энэ нь ч үр өгөөжтэй гэж үзэж байгаа. Манайд хэрэгжиж  байгаа аудитын тухай хууль бол хөгжингүй орнуудын хэрэглэдэг хууль. Тиймээс алдаа дутагдал багатай гэж бодож байна. Харин хуулийг зөрчсөн бол шүүхэд шилжүүлдэг” гэлээ.

Харин гишүүдийн зүгээс “Ерөнхий аудитын газраас гаргадаг тайлан арван жилийн өмнө ямар байсан яг тэрэнтэй адилхан байна, төрийн байгуулалтын байнгын хорооноос хэлэлцээд л өнгөрдөг. Үүнийг өөрчлөн шинэчилж хяналт тавьдаг болгох хэрэгтэй. Тухайлбал 2011 оны төсөв улс оронд хэрэгтэй биш намын, улс төрийн зорилгоор ашиглагдсан. Үүнд харин хяналт тавьж, жилдээ нэг гаргадаг тайланг олон болгох хэрэгтэй“ гэж сануулаад хяналтын ерөнхий хороонд хүргүүлэхийг дэмжлээ.

Эзэн Чингис хаан арваннэгдүгээр сарын 14-ны өдөр мэндэлсэн гэдгийг судлаачид тогтоосон байна.  Энэ өдрийг тохиолдуулан “Чингис хааны одон”-ыг гардуулах санал санаачлалгыг хэлэлцэв. Өмнө нь энэхүү одонг наадмын үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар  олгодог байсан аж.  Мөн энэ үеэр Эзэн хааны төрсөн өдрийг  Үндэсний бахархлын өдөр болгох санааг Н.Батцэрэг гишүүн дэвшүүлэв. Ч.Сайханбилэг гишүүн “Эрдэм шинжилгээний хурал,  зохин байгуулж, шагналд “иж бүрэн” хандах хэрэгтэй гэж саналаа хэлэв. Өөрөөр хэлбэл эзэн хааны төрсөн өдрийг орон даяар амрах,  нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр болгох, Ерөнхийлөгчийн зарлигаар бус УИХ-аас гарсан шийдврээр шагнах, шагналыг  түүхэн уламжлалтай холбон гардуулдаг болох санал илэрхийлж байгаа аж.  Энэхүү төслийг гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Мөн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулах болон МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийг хянар ажлын хэсгийн талаар хэлэлцсэн байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өнгөрсөн хугацаанд  Ерөнхийлөгч, Засгийн газрын зүгээс   мэдүүлсэн байна. Улмаар Засгийн газар хуулийн төслөө татсан байна.  Өнгөрсөн хугацаанд анхны хэлэлцүүлэгт хийгдсэн ч ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзсэн байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг ахлахаар болсон бол дэд хэсэгт нь  парламентийн сэтгүүлчид болон Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөлөл багтаж байгаа юм байна.  Энэ хууль нь одоо хэрэгжиж байгаа хуулийг бодвол боловсоронгуй болсон ч зарим зүйл заалтыг эргэн харах хэрэгтэй байгааг эх сурвалж хэлэв.

МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийг хянар ажлын хэсэг байгуулан, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга А.Бакей ахлахаар болсон. Гэвч А.Бакей өөрийн хүсэлтээр ажлын хэсгийг ахлахаас татгалзан гишүүнээр ажиллахаар болж, Л.Цог ажлыг хэсгийг ахлахаар боллоо. Үүний дараа намрын ээлжит чуулганы хугацаанд  тус байнгын хороо хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж,  баталсан байна.  

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж