
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
“Вашингтон хот. Обамагийн ажлын албаныхан Монгол улстай нэгэн албан бус яриа
хэлэлцээр хийж, Төв Азид орших энэ улсад ойролцоох бүс нутгийн улсуудын
цөмийн түлшний хаягдлыг хадгалах газар байгуулах талаар ярилцсан хэмээн
дээгүүр тушаал хашдаг АНУ-ын дипломатч өчигдөр мэдэгджээ.
АНУ-ын Эрчим Хүчний Яамны ажилтнууд болон Монгол улсын нийслэл Улаанбаатар
хот дахь төстэй албаны түшмэдүүдийн хоорондох яриа хэлэлцээр эхний шатандаа
явж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын Цөмийн Эрчим Хүч, Аюулгүй
Байдлын албаны захирал Ричард Стратфордын хэлснээр цаашид хэрхэх талаар
тодорхой шийдвэр хараахан гараагүй байгаа ажээ.
Ричард Стратфорд нь хоёр жил тутам болдог Карнегийн нэрэмжит Олон Улсын
Цөмийн бодлого боловсруулагчдын хурал дээр хэлсэн үгэндээ дээрх бүс нутагт
цөмийн хог хаягдал агуулах газар байгуулах нь цөмийн эрчим хүч ашигладаг ч
хог хаягдлаа зайлуулах боломж тааруу Тайвань, Өмнөд Солонгосын хувьд онцгой ач холбогдолтой гэж тэмдэглэжээ.
“Монгол улс бусад орны цөмийн хог хаягдлыг өөрийн нутаг дэвсгэр дээрээ
агуулахыг зөвшөөрвөл цөмийн түлшний хаягдлыг хадгалах асуудлыг олон улсын
түвшинд шийдвэрлэхэд чиглэсэн эерэг алхам болно гэж би хувьдаа үзэж байна”
хэмээн цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээ зөвшилцлийн тухай
хэлэлцэх хуралдааны үеэр Ричард Стратфорд хэлжээ. “Тайвань, Өмнөд Солонгос
дахь мэргэжил нэгт нөхдийн минь хувьд цөмийн түлшний хог хаягдлыг хадгалах
асуудал бол туйлын хүнд асуудал. Тиймээс миний хувьд ямагт дэмжиж ирсэн
энэхүү олон улсын цөмийн хаягдлыг булшлах газрыг байгуулвал тэдний асуудал
шийдвэрлэгдэх юм” гэж Ричард Стратфорд үргэлжлүүлэн ярьжээ.
Стратафорд бол цөмийн эрчим хүчтэй холбоотой худалдааны гэрээ пакт байгуулах
гол үүргийг гүйцэтгэгч Вашингтоны итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. Тэдгээр
гэрээг АНУ-ын Атомын Эрчим Хүчний тухай хуулийн заалтын нэрээр “123 гэрээ”
гэж нэрлэж заншжээ.
АНУ нь Ази дахь зарим нэг худалдааны түншүүддээ, тухайлбал, Өмнөд Солонгос,
Тайваньд ураны түлшний савханцар бэлтгэн нийлүүлдэг. Тиймээс
хэрэв Монгол улс дээр дурдсан улс орнууд болон бусад улсын хэрэглэсэн
АНУ-аас гаралтай цөмийн түлшний хаягдлыг нутаг дэвсгэр дээрээ булшилж
хадгалахыг зөвшөөрвөл Вашингтон Улаанбаатар хоёр цөмийн эрчим хүчний
худалдааны гэрээ байгуулах ажээ.
АНУ-ын Цөмийн Эрчим Хүчний Яамны албаны хүмүүс Монголчуудтай нэлээд хэдэн
сарын туршид албан бус яриа хэлэлцээр хийж байгаа хэдий ч Стратфорд өөрөө
энэ асуудлаар Улаанбаатартай холбогдож амжаагүй байгаа гэж мэдэгджээ. Мөн
цөмийн эрчим хүчний худалдааны пакт албан ёсоор байгуулах эсэх нь одоохондоо
тодорхойгүй байгаа юм байна.
Тэр бүү хэл, дээрх дипломатчийн хэлж буйгаар өөрөө энэ талаар огт мэдээгүй
явж байхад нь хамт ажилладаг хүн нь “Танай Эрчим хүчнийхэн Монгол улстай
цөмийн эрчим хүч ашиглах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж байгаа шүү
дээ” гэж найман долоо хоног орчмын өмнө хэлснээр анх сонссон гэж тэрбээр Global Security Newswire cэтгүүлд өгсөн ярилцлагандаа тайлбарлажээ. “Ингэж сонсоод би “мэдээгүй байсан юм байна. Одоо мэдсэн юм чинь Монгол улсыг ажлынхаа төлөвлөгөөнд оруулчихья, тэгээд харж л байя гэсэн” гэж Ричард Стратфорд ярьжээ.
Карнегийн нэрэмжит Олон Улсын Энх Тайвны Сангийн Цөмийн Эрчим Хүчний
хөтөлбөрийн дэд ажилтан Марк Хиббсын мэдэгдсэнээр АНУ-ын Эрчим Хүчний
Яамныхан өнгөрсөн оны намар Монголд айлчилж, албаны хүмүүстэй энэ асуудлаар
уулзаж ярилцсан байна. Тэрбээр цөмийн эрчим хүчний асуудлаар хамтран ажиллах
тухай хэлэлцээрийг удирдсан ажээ. “Xэлэлцээр маш өндөр үр дүнтэй явагдсан.
Тэд [Монголчууд] нарийн ширийн зүйл зөндөө ярьсан, маш их мэдээлэл авсан”
гэж Хиббс Global Security Newswire-ийн сэтгүүлчид өчигдөр өгсөн
ярилцлагандаа дурджээ.
Харь орнуудын хаягдлыг бүү хэл дотоодын цөмийн хаягдлаа удаан хугацаагаар
хадгалах асуудал нь дэлхий нийтэд нэлээд ярвигтай асуудалд тооцогддог. Учир
нь цацраг идэвхит болон хортой бодис агуулах нь хүн амын эрүүл мэндэд хор
хөнөөл учруулж болзошгүй тул тус асуудалд олон нийт туйлын хянуур сэрэмжтэй
хандаж иржээ. АНУ-ын тухайд гэвэл цөмийн болон атомын түлшний хог хаягдлыг
Невада мужийн Юкка ууланд битүүмжлэн булшлах тухай шийдвэрт Обамагийн ажлын
албанаас хориг тавьсанаас хойш тодорхой шийдвэр гаргаж чадалгүй өнөөг хүрсэн
байна.
Дийлэнх улс үндэстнүүдийн хувьд харь орнуудын цөмийн хаягдлыг улс орондоо
хадгалах саналыг хараал зүхэл мэт хүлээж авдаг ажээ. Өмнө нь Оросууд өөрийн
нутаг дэвсгэр дээрээ олон улсын цөмийн хог хаягдлын цэг байгуулах талаар
хэлэлцэж эхэлсэн боловч дотоодын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас асуудал
тэгсгээд замхарсан байна.
Монголд ч бас асуудал тэр тал руугаа эргэж болзошгүй гэж боддог тухайгаа
цөмийн эрчим хүчний шинжээч Жеффри Льюис өгүүлсэн юм. Тэрбээр товч ярилцлага
өгөхдөө Стратфордын хэлсэн үгэнд гайхсанаа илэрхийлэхийн сацуу “Монголд
цөмийн хаягдлын цэг байгуулна гэж санаж яваа бол өөрcдийгөө хуурсан хэрэг
болох байлгүй дээ. Монгол улс бүс нутгийнхаа цөмийн түлшний хаягдлын цэг
болохыг зөвшөөрөхгүй л болов уу гэж би бодож байна” гэсэн юм.
Хиббс ярихдаа Монгол улс нь “Орос Хятад гэсэн хоёр том гүрний дунд
хавчуулагдсан учраас тухайн бүс нутагт эдийн засгийн байр сууриа тогтоохын
тулд яахаас ч буцахгүй. Цөмийн эрчим хүчний салбарт оролцох оролцоогоо
өргөжүүлэх нь Монгол улсдын хувьд эдийн засгийн хөшүүрэг болж болзошгүй юм”
гэж хэлсэн юм. Бүс нутгийн шинжээчдийн үзэж буйгаар Монгол улс нь ураны
олборлолтоо улам өргөжүүлж, улмаар гадаад орнуудыг цөмийн түлшээр хангаад,
хэсэг хугацааны дараагаар ашиглагдсан цөмийн хаягдлыг эргүүлж орон нутагтаа
авчрах зэрэг өргөн хүрээний үйлчилгээ үзүүлэхийг сонирхож болох ажээ. Оросын
Холбооны Улс, Хятад хоёрын аль аль нь цөмийн бодисыг түрээслүүлэх гэж
нэрлэдэг энэ аргыг огт хэрэгжүүлээгүй тул хэрэв Монгол хэрэгжүүлж эхэлбэл
энэ талаар анхдагч болох нь.
Мөн зарим нэг эх сурвалжаас үзвэл Монгол улсын эрчим хүчний хэрэгцээ улам
бүр нэмэгдэж байгаа энэ цагт тус хэрэгцээг хангахын тулд Монголын засгийн
газар болон бусад албаны хүмүүс цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхийг сонирхож
болзошгүй юм байна. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт монголчууд цөмийн
технологийг энхийн чиглэлээр ашиглахад Өмнөд Солонгосчуудтай хамтран ажиллах
тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
“Дэлхий нийтэд танигдсан Орос, Франц зэрэг цөмийн эрчим хүч ашиглаж сурсан
том гүрнүүдийн олон арван жилийн туршид эзэгнэсэн тоглоомын талбарт Монгол
улс орж ашиг орлого олно гэдэгт итгэхэд хэцүү” гэж Олон Улс судлалын
Монтерей дэх Хүрээлэнгийн Зүүн Азид Цөмийн Зэвсгийг Үл Дэлгэрүүлэх
Хөтөлбөрийг удирдагч Льюис ярьсан юм.
“Угаасаа цөмийн хог хаягдлыг агуулж хадгалах энэ бизнест Монгол улс чухам
ямар учраас оролцох гээд байгааг би огт ойлгохгүй байгаа юм” гэж тэрбээр
хэлээд “Хэрэв би Монгол улсын удирдагч байсан бол аж үйлдвэрлэлтийн хөрөнгө
оруулалтыг цөмийн хаягдал хадгалах үйлчилгээнд бус өөр зөндөө олон зүйлд
зарцуулах байсан. Монгол улс нь хөрш зэргэлдээ орнуудынхаа атомын хог
хаягдлын хадгалах цэг болж хувирах нь улс төрийн бодлогын хувьд ч таатай
зүйл биш шүү дээ” гэж тэрбээр нэмж хэлсэн юм.
“Баттай баримт нотолгоо–жишээлбэл, Монгол Улсын Засгийн газраас
гаргасан нутаг орноо бүс нутгийнхаа цөмийн хог хаягдлын цэг болгохыг хүсэж
байна гэсэн мэдэгдэл ч юм уу нэг тийм нотолгоо үзэхээс нааш аль ч улс орон
ийм алхам хийнэ гэдэгт би хэзээ ч итгэж чадахгүй” гэж Льюис ярьсан байна.
“Хэрэв Монгол улс цөмийн түлшний хог хаягдлыг хадгалах цэг болох нь өөрт нь
ашигтай гэж үзээд АНУ-тай цөмийн эрчим хүчний худалдааны гэрээ байгуулах
аваас Монголд том аз тохионо” гэж Хиббс мэдэгдсэн юм. “АНУ-тай 123 гэрээ
байгуулж, АНУ-ын дэмжлэгийг авах нь Монголд их чухал. Монгол улс өрнөдийхөнд
элэгтэй улс гэдгээ харуулж байгаа…123 гэрээ байгуулна гэдэг бол Монгол
улсын цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх үйл ажиллагааг АНУ дэмжиж байгаа гэсэн
үг”. Монгол улс ирээдүйд цөмийн зэвсэг хийхийн тулд атомын эрчим хүчийг
сонирхож байгаа гэж бодохгүй байгаагаа Хиббс илэрхийлсэн байна.
“Монголчуудын төлөв байдлаас үзэхэд цөмийн зэвсэг сонирхоно гэж огт
санагдахгүй байна. Оросууд эсвэл Хятадуутай зэвсгээр өрсөлдөхөөр эргүүтэж
байснаас 1970 оны Цөмийн Зэвсэг Үл Дэлгэрүүлэх Олон Улсын гэрээнд нэгдсэн
улс гэдэг статусаа хадгалж байсан нь монголчуудад илүү ашигтай” гэж тэрбээр
хэлсэн байна.
Харин Льюис энэ талаар ялимгүй өөр бодолтой байлаа. “Монголчууд одоохондоо
бөмбөг хийхийг сонирхохгүй байгаа гэж би бодож байна. Гэвч хэрэв Монгол улс
уран олборлодог орон байснаа цөмийн хог хаягдал хадгалах агуулах болж
хувирвал хүсээгүй байхад тийм “эмзэг” байгууламжууд олноороо нэмэгдэж
болзошгүй шүү дээ” гэж тэр хэлсэн юм.