Охидын тархинд хүн, хүний харилцаа, нүүр царайд хариу үйлдэл үзүүлэх өгөгдөл илүү суугдсан байдаг. Харин хөвгүүдийнх аливаа зүйлс, түүний хэлбэр дүрсэд илүүтэй хариу үйлдэл хийдэг. Дөнгөж төрснөөс өгсүүлээд хэдэн сартай нялх хүүхдүүд дээр хийсэн туршилт үүнийг баталсан юм. Энэ ялгааны шалтгаан нь тэдний тархи. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг ижил зүйлийг хүлээж авахдаа тархиныхаа өөр өөр хэсгийг ашигладагт хамаг учир оршино. Охид нүүр царай, нүд нүдээ ширтсэн харилцаанд татагддаг бол хөвгүүд аливаа зүйлсийн хөдөлгөөн,харилцан адилгүй хэлбэр дүрс, өнгө зүсийг сониучирхдаг.
Гурван сартай охид гэр бүлийнхнийхээ царайг бусдаас ялгаж чаддаг байхад хөвгүүдэд хэний ч царай адилхан. Энэ ялгаа илэрхий харагддаг. Үүнийг батлах нэгэн туршилтыг хийж үзсэн ч болно. 5-6 насны хүүхдүүдийг дурангаар харуулаад дараа нь юу харсныг нь асууж болно. Охид дуранд харсан хүмүүсийн царай, тэдний үйл хөдлөл, нүүрний хувирал зэргийг санан хэлнэ. Гэтэл хөвгүүд яг тэр орчинд байсан амьгүй зүйлсийн хэлбэр, дүрс, өнгө төрхийг илтгэнэ. Өсвөр насны охид ихэвчлэн тойрч суугаад хоорондоо ярилцдаг. Бие биеийнхээ нүүрний хувирлыг сайн харах гэж. Гаднаас нь хараад тэнд хэн гол дүрд тоглож байгааг хэлэх аргагүй.
Ер нь охид амьд харилцаа, хамтын нөхөрлөлийг хүсдэг бол хөвгүүд гол дүр, нэр нөлөөг чухалчилдаг. Охид байшин барихаараа уртыг, дотор нь ямар хүн байгаа талаар ургуулан бодож барьдаг бол хөвгүүд голдуу хажуу дахь нэгнээсээ илүү том, өндөр байшин барихыг хичээдэг. Хэн дотор нь байх нь гол биш. Ийм болгож хүмүүжүүлэх гэж эцэг эх хичээгээгүй байхад ч тархины бүтцийнхээ ялгаагаар хар аяндаа хүүхдүүд энэхүү ялгаатай замаар өсөж төлөвшинө. Дөрвөн настай охинд бамбарууш, эсвэл хүүхэлдэй өгвөл түүнийг дорхноо л сайн найзаа болгож дотносно. Гэтэл хөвгүүд хэдэн минут хараад л хэдэн хэсэг болгож орхиод тэгээд дараагийн тоглоомоо шүүрч авдаг. Хөвгүүдэд ямар ч тоглоом яаж ажилладаг нь сонин байдаг бол охидод өөртэй нь найз шиг харилцах харилцааг эрхэмлэдэг.