“Гоолингоо”-г тайзнаа тавина

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

“Гоолингоо”-г тайзнаа тавина

Нийслэлийн Улаанбаатар чуулга энэ сарын 10-нд найруулагч С.Баярсайханы “Гоолингоо” дуулалт жүжгийг тайзнаа тавих гэж байна. Ард түмний дунд өнөөдрийг хүртэл эгшиглэсээр ирсэн “Гоолингоо” дуунаас сэдэвлэн бүтээсэн уг жүжгийн зохиолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч Соёлтын Баярсайхан бичиж, найруулан, хөгжмийг Урлагийн гавъяат зүтгэлтэн Шарын Аюуш зохион гол дүрүүдэд М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XXIV уралдааны тэргүүн байрын шагналт, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин  Г.Ариунбаатар, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Хонгорзул, Соёлын тэргүүний ажилтан Б.Батболд нар болон нийслэлийн Улаанбаатар чуулгын үндэснийи хөгжмийн  их найрал, бусад уран бүтээлчид оролцон тоглож байгаа аж.  

Тус жүжгийн зохиолыг бичиж, найруулсан Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч С.Баярсайхантай ярилцлаа. 

-Гоолингоо дууны тухай таван домог байдаг гэдэг шүү дээ. Та энэ дуулалт жүжгийн зохиолоо цаг аль цаг үеийн домгийг барин хийв?

-Гоолингоог их судалсан. Түүхэнд Гуулин улс гэж нэрлэгдэж байсан Солонгосоос авхуулаад  Монголын эзэнт гүрний үеэс Гуулингуа гэдэг үг үүссэн байна гээд хойш нь судлаад өгөгдсөн нөхцлийн хувьд хамгийн байж болох цаг хугацаа нь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үе болж таарсан. Тухайн үед Архангай аймгийн Гоолингоо гэж сайхан бүсгүй байсан гэсэн бодит хүнээс буюу ер нь тэр таван домгийг уншиж байхад хамгийн логик сайтай огтолцолыг нь харж байгаад хэрвээ энэ хүн аьдарч байсан бол иймэрхүү амьдралыг туулж, амьдарсан бол уу гэж өөрөө уран сайхны аргаар бичсэн. Түүнээс биш яг тэр домог гээд барьж авсангүй.

-Жүжгээрээ дамжуулан та юг илүүтэй харуулахыг хүссэн бэ?

-Яг үнэнийг хэлэхэд би үзэгчид ийм зүйл ухаараасай, тийм зүйл ойлгоосой гэж бодсонгүй. Баатар найруулагч энэ жүжгийн тухай  “энд хүн төрөх гээд байна” гэж хэлсэн шиг яг энэ жүжгийг би өөртөө л зориулж бичсэн. Түүнээс биш үүнийг үзээд хүмүүс ийм зүйл ойлгоосой, ухаараасай гэж зүйл бодоогүй. Өөрөө өөртөө л зориулж тавьсан гэж хэлж болно. Хүнд таалагдах гээд хийх чинь тэнэг зүйл. Хэрвээ би ичих бол хэнээс ч биш өөрөөсөө л ичнэ. Айвал би хэнээс ч ахйгүй өөрөөсөө л айдаг. Хүн ганцаара байхдаа л өөртөө үнэнч байдаг шүү дээ.

-Дүр сонголтынхоо тухай сонирхуулахгүй юу?

-Би энд асар том контрас гаргая гэж бодсон. Дэлхийн номер нэг дуурийн дуучин, драмын жүжигчин хоёр дуулахад энд асар их зөрөө, контрас гарна. Үүнийг гаргаж байж миний ажиллах ур чадвар илүү их гаргах юм шиг санагдсан. Түүнээс биш адилхан хоёр сайн дуучин аваад ирвэл ажиллагаа байхгүй юм шиг санагдсан. Дуулалт жүжиг хүнд төрөл учраас би хэргээр драм тал дээр жүжигчин эмэгтэй, дулалт тэл дээр дуучин эрэгтэй хоёрын авчран ажиллаж байна.

-Та жүжигчин Отгонцэцэгийг сонгохдоо хүмүүс түүнийг дандаа муулдаг, миний жүжигт тоглосны дараа магтана гэж хэлсэн байсан шүү дээ?

-Тийн. Отгонцэцэгийн олон нийтэд очсон мэдээлэл нь дандаа хар байдаг. Энэ охиыг чинь сонсоход хүртэл эвгүй, есөн шидээр хэлдэг шүү дээ. Нэгэнт массд хар пиартай очсон хүнийг буцаад эргүүлээд ёстой сайхан амьтан байна аа гэтэл нь ажиллавал найруулагчийн ур чадвар харагдана гэж бодоод хэргээр түүнийг сонгож авсан.

-Түүнийг яаж тайзнаа харуулах бол оо гэдэг тань сонирхол татаад байна?

-Найруулагч нар жүжигчдийг гурилтай зүйрлэдэг. СУИС-ийг 100 жүжигчин төгсөхөд дунд нь дээд гурил ганцхан ширхэг байдаг. Бусад нь хивэг, арвайн гурил байдаг. Тэр 100 жүжигчин болгон бэлтгээд гарахад байдаг ганц дээд гурил нь жүжигчин Отгонцэцэг. Хамгийн сайн нарийн боов хийж болох гурил. Түүнээс биш би хивэг барьчихаад өндөгтэй боорцог хийнэ гэвэл худлаа шүү дээ. Отгонцэцэг бол гайхамшигтай авьяастай юу л бол юу хийж болохоор жүжигчин.

-Дуулалт жүжгийн  үг, аяыг бүгдийг нь шинээр хийж байгаа гэхээр нүсэр ажил болох нь ээ?

-Бүх зүлүйийг шинээр зохиож байна шүү дээ. Хөгмийн зохиолчтойгоо нилээж суугаад ааштай хүүхний ая, ухаантай, ууртай, ховч хүний ая, яалгуу ямар байх уу гээд л. Мөн аяндаа харилцан яриа хэлбэрээр аялгуу дуу оруулсан.

-Жүжгийн тайз засал, өнгөний сонголтыг яагаад дан саарлаар хийсэн юм бэ?

-Хүмүүс амьдралын янз бүрийн өнгөтэй зүйрлэн ярьдаг. Мөн хүний зна чанарыг ч гэсэн өнгөтэй зүйрлэн ярьдаг.  Улаан хэрүүлч, ногоортлоо унтаад л, цагаан цайлган хүн гээд. Яг үүнийг адилаар бид жүжигтээ тухайн үеийн амьдрал, өрнөж буй үйл явдалыг саарал өнгөөр илэрхийлсэн. Хэрвээ сайн зүйлсийг цагаан, мууг хар гэвэл хүний амьдрал саарал юм. Саарал өнгө өөрөө дотроо 99 өөр саарал өнгөтай байдаг. Бид 99 саарал өнгөөр энэ жүжгийг тайзнаа тавьж байгаа.

-Бас дуунаас сэдэвлэсэн дуулалт жүжгүүд тайзнаа тавигдаж байсан шүү дээ.  “Ай Наанаа” гэдэг ч юм уу?

-Би “Ай Наанаа”-г үзэж амжаагүй. Зурагтаар хэсэгхэн л харж байсан. Тэгэхэд монголын дуулалт жүжгүүд ямар байдаг уу яг тийм байсан. Үүнийг би ойлгохдоо цус ойртолт явагдаад байна гэж ойлгоод байгаа. Одоо манай монголын аль ч чуулга, театрын бүжгийг очоод үзсэн яг адилхан. Бүх хөдөө орон нутгийн театрын бүжигчдийн цувруулаад бүжиглүүдлэхэд яг адилхан. Хувцас, бүжгийн тавилт, жүжгийн жижиг хэрэгсэл, тавилга, найруулга яг адилхан. Яагаад гэвэл хувцасыг нь цөөхөн цөөхөн хүн зураад, бүжгийг нь хоёр гуравхан хүн тавиад, найруулгыг нь бас л хоёр гуравхан хүн хийгээд яваад байгаа болохоор урлагт цус ойртоод байгаа юм. Тийм болохоор би өөр өнцөгөөс өөр зүйл л хийе гэж бодсон.

-Та Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч. Театрт хэр удаан ажиллаж байна?

-Би “Монгол туургатан” театрт очоод гурван жил ажиллаж байна. Өмнө нь телевизийн найруулагч байсан. Гэхдээ би жүжгээр лобартори хийж ажиллаж байсан. Энэ бол бие дааж, ямар ч найруулагчийн санал зөвлөгөө авахгүйгээр өөрөө хийж байгаа анхны том бүтээл.

“Гоолингоо” жүжгийн гол дүр Бат-Амьдралын дүрд М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XXIV уралдааны тэргүүн байрын шагналт, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин  Г.Ариунбаатар тоглож байгаа юм.

-Анх энэ саналыг хэрхэн хүлээж авсан бэ? Дуулалт жүжигт тоглох ямар байна?

-Найруулагч маань өнгөрсөн зун надад энэ жүжгийн саналыг тавиад жүжгийн бэлтгэл ажилдаа орсон. Хэдийгээр би дуучин хүн ч гэсэн драмын дуулалт жүжгийн төрөлд өөрийгөө сорих боломжийг найруулагч маань надад олгосон. Би дээр үеийн НАХ яам буюу дотоод яамны офицерын дүрд тоглож байна. Дуулалт жүжиг гэдэг бол асар хүнд байдаг юм байна. Миний анхны жүжиг, анхны дүр байгаа. Тиймээс тайзан дээр тэр дүрийг яаж амилуулах уу гэдэг дээр туршлагатай баг хамт олонтой ажиллаж байгаа учраас бэлтгэл сургуулалтдаа ороод явж байна.

-Дотоод аямны офицрын дүр гэхээр эсрэг дүрд тоглож байгаа юм уу?

-Ерөнхийдөө миний гаргаж байгаа дүр бол цагаан дүр. Гэхдээ тэр сурталчилгааны самбар дээр байгаа зураг дээр бол миний дүр их ширүүн харцтай байгаа шүү дээ. Гэхдээ цэргийн албан тушаалтай хүн хайр дурлалын төлөө юуг зольдогыг харуулсан дүр байгаа.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж