“Сочи-2014” бамбарын аяллын маршрутыг батлав

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

“Сочи-2014” бамбарын аяллын маршрутыг батлав

Хар тэнгисийн эрэг дээрх Сочи хотноо 2014 оны өвлийн олимпийг зохион байгуулах ОХУ-ын албаны хүмүүс өчигдөр олимпийн галт бамбарын аяллын маршрутыг албан ёсоор танилцууллаа. Олимпийн ариун гал Оросын нутаг дэвсгэрээр аялж, олимпийн түүхэнд хамгийн урт замыг туулах гэнэ. 123 өдөр үргэлжлэх аяллын туршид өвлийн олимпийн бамбар баруун хязгаарын Калининградаас зүүн захын тэсгим хүйтэн Чукотка гээд Оросын бүхий л нутгийг дайрч, нийт 65 мянган км аялах юм байна. Энэхүү урт аяллын гол зорилго нь Орос улсыг бүхэлд нь нэгтгэх явдал хэмээн Сочигийн олимпийг зохион байгуулах хорооны дарга Дмитрий Чернышенко мэдэгджээ.

Уламжлал ёсоор олимпийн ариун галыг Грекийн Олимп уулын хормойд ёслол төгөлдөр бадамлуулж, 2013 оны аравдугаар сарын 7-нд Москва хотноо авчирснаар бамбарын аялал эхлэх юм. Галт бамбар ОХУ-ын нийт 83 мужаар аялах бөгөөд дэлхийн хамгийн гүн нуур болох Байгаль нуурын гүнд ч очиж болох тухай зохион байгуулагчид онцолжээ. Бамбарын аялалд 14 мянган бамбар баригч, 30 мянга гаруй сайн дурын дэмжигч оролцох гэнэ.

“Сочи-2014” өвлийн олимпийн наадам 2014 оны хоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийж, 23-ныг дуустал үргэлжлэх бөгөөд 98 багц медалийн эздийг тодруулах юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж