
Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн МАН-ын хороог байраа чөлөөлж өгөхийг шаардсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Одоогийн байдлаар энэ асуудал хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй “Манай орон өөрийн гэсэн Үндсэн хуультай орон. Хуульд юу гэж заасан байна вэ, бид түүнийг л дагах болно. Бид гудамжинд гарсан ч ажлаа хийсээр байх болно. Гэхдээ нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл үүнд уян хатан хандана гэдэгт найдаж байна” хэмээн ярьсан. Харин хотын даргын хувьд эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэгчлэн нийслэл өмчөө эргүүлж авна гэдэг байр сууриа удаа дараа илэрхийлсээр байгаа. Урьд нь улс төрийн намуудын тухай хуульд “Улс төрийн намууд төрийн үйл ажиллагаанд төрийн өмч, эд зүйлсийг ашиглаж болно” гэж заасны дагуу нийслэлийн МАН Хүүхэд, залуучуудын соёлын төвийн нэг хэсгийг түрээсэлдэг байсан юм билээ. Харин уг хуульд өөрчлөлт оруулж намууд төрийн өмчийн байранд үйл ажиллагаа явуулахыг хориглохоор болжээ. Түүнчлэн нийслэлийн МАН энэ байрны түрээсээ удаан хугацаанд төлөхгүй явсаар төлөх ёстой мөнгө нь 500 сая төгрөгт хүрсэн байна.
Үнэхээр Монгол улс өөрийн гэсэн хуультай орон. Улс төрийн нам ч бай, хувь хүн ч бай хуулиа хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэгэнт л Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж улс төрийн намууд төрийн өмчийн байранд үйл ажиллагаа явуулж болохгүй гээд заачихсан хойно аль ч нам хуулийг хэрэгжүүлэх л ёстой. Гэтэл “Биднийг гудамжинд гаргах гэж байна. Манай намыг хяхаж хавчиж байна” гэх нь улс төрийн намын хувьд хэр ёс зүйтэй үйлдэл юм бол. Ер нь ч тэгээд МАН энэ байраа чөлөөлж өглөө гээд гудамжинд гарч, хог дээр үсрэх дээрээ тулчихсан жижиг нам биш шүү дээ.
Нийслэлийн өмчид бүртгэлтэй газар болох Хүүхэд, залуучуудын соёлын төвийн нэг жигүүрийг нийслэлийн МАН-ын хороо эзэгнэн суусаар багагүй хугацаа өнгөрч байна. Нийслэлийн МАН-ын хороо өмнө нь Лениний музейд байрлаж байсан. Харин тус байр оффисын үйл ажиллагаанд тохиромжгүй учраас Хүүхэд, залуучуудын соёлын төвд нүүж очсон аж. Хүүхдийн төлөө ажилладаг олон байгууллага орох оронгүйн улмаас олигтой үйл ажиллагаа явуулчихаж чадахгүй байхад МАН байрыг нь булаацалдаад байгаа нь хачирхалтай. Харин ч Монголын улс төрийн ууган хүчний хувьд бага зэргийн зангараг гаргаад хүүхдүүдэд байраа чөлөөлөөд өгчихөд харамсаад байх зүйлгүй баймаар. Тэртэй тэргүй МАН-д энэ байтугай олон байр бий. Долоодугаар сарын 1-ний өдөр намын төв байраа шатаалгаснаас хойш тун удалгүй өмнөхөөсөө илүү сүрлэг ордон бариулчихсан л байгаа. Нийслэлийн өмчийг нийслэлд нь буцааж өглөө гээд өмнөх шигээ шинэ байр бариулах чадал энэ намд бий. Гэтэл “Э.Бат-Үүл дарга Нийслэлийн МАН-ыг байрнаасаа гар гэж шахалт үзүүлж байгаа нь бидэнд таалагдахгүй байна. Манай намыг шахаж байна” гэж байгаа нь хэр зөв юм бол. Ингэхэд Лениний музей ч гэсэн нийслэлийн өмч юм билээ. Харин одоо “Юнител” тэргүүтэй бизнесийн олон байгууллага эзэлчихээд байгаа юм.
Н.САНЖААСҮРЭНЭх сурвалж: Улстөрийн тойм сонин
