”Эль Класико” тэнцээгээр өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

”Эль Класико” тэнцээгээр өндөрлөлөө

Испанийн Ла лигийн долдугаар тойрогт лигийн шилдэг хоёр баг болох "Барселона" болон "Реал Мадрид" нар хүч үзлээ. Энэ нь хоёр багийн хувьд 222 дахь "Эль Класико" бөгөөд каталончууд 87 удаа, "Реал" 88 удаа тус тус ялалт байгуулаад байжээ. Өнөө цагийн хөлбөмбөгийн шилдгүүд болох Месси болон Рональду нар энэ өдөр тун гайхалтай тоглож, тус тус дубль хийв. Энэ тоглолт хоёр тамирчны хувьд Баллон д’Ор шагналыг хэн авах вэ гэсэн асуултад бага ч гэсэн хариулт өгөх байсан ч хоёулаа шилдэг тоглолтоо үзүүллээ.

Талбайн эздийн хувьд хамгаалалтын хувьд тун хүнд байдал байсан билээ. Багийн ахлагч Карлос Пуйоль тохойндоо хүнд бэртэл авч, хоёр сар талбайд гарахгүй бол, хамгаалагч Ж.Пике бэртэл нь бүрэн эдгэрээгүйн улмаас тоглолтод оролцоогүй юм. Тиймээс тэд Машерано болон Адрианог оронд нь гаргасан. Харин "Реал Мадрид"-ын хувьд бэртэлтэй тоглогч байхгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ Камп Ноуд хүрэлцэн ирсэн.

Тоглолтын 23 дахь минутад К.Рональду гоолдон талбайн эздийг 95 мянган фанатуудынх нь урд хүнд байдалд оруулсан. Ийнхүү тэрээр зургаан Эль Класикод дараалан гоолдсон анхны тоглогч болсон юм. Үүний дараагаар Франц довтлогч К.Бэнзэмад тоог холдуулах сайхан боломж гарч ирсэн ч шон онож азгүйтсэн. Харин 31 дэх минутад Л.Мэсси гоолдон багтаа сэргэлт авчирсан юм.

Дараагийн хагаст Л.Месси чөлөөт цохилтоос тун гоёмсог гоолыг И.Кассиласын хаалганд оруулж, Эль Класикод 17 дахь гоолоо оруулсан нь энэ байлаа. Гэхдээ ердөө тавхан минутын дараа буюу тоглолтын 66 дахь минутад К.Рональду хариу гоолыг оруулж тоог тэнцүүлсэн. Тоглолтын цаг дуусах мөчтэй зэрэгцэн М.Монтояа 16-н гаднаас хүчтэй цохилт гүйцэтгэсэн ч хаалганы хөндлөвч оносон. Мөн Пэдрод тун сайхан боломж гарч ирсэн ч ашиглаж чадалгүй тоглолтыг өндөрлүүлсэн юм.

Ийнхүү хоёр баг үзэгчдийг уйдаалгүй гал гарсан тоглолт үзүүлж эцсийн үр дүнд оноо хуваалаа. Ийнхүү Барса 19 оноотой, Реал Мадрид 11 оноотой болж ирлээ.


Эх сурвалж: www.sportbox.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж