Б.Гангаамаа Эверестэд авирна

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Б.Гангаамаа Эверестэд авирна

Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа хоёр сарын хугацаанд дэлхийн зулай болсон Эверестийн ноён оргилд авирахаар бэлтгэл ажлаа базааж дууслаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр ээлжит авиралтаа хийхэд бэлэн болсон гэсэн үг. Өмнө нь Монголын эмэгтэйчүүдийн багийг ахалж явсан тэрбээр Монгол Улсыг төлөөлөн ганцаараа олон улсын багийн бүрэлдэхүүнд багтан 8848 метрийн өндөрт гарахаар зориг шулууджээ. Өнөөдөр өглөө Биеийн тамир, спортын газарт түүнийг үдэж өгөх ёслол болсон юм. ОУХМ Б.Гангаамаагийн хувьд хоёр дахь удаагаа Эверестийг зорих гэж буй. Тэрбээр энэ сарын 4-нд эх орноосоо мордох ажээ.

Б.Гангаамаатай цөөн хором ярилцлаа.

-Ганцаараа Эверестэд авирна гэдэг тийм ч амар биш. Тэр тусмаа эмэгтэй хүн. Таны хувьд ямар тактик боловсруулсан бэ?

-Тийм ээ. Хэцүү гэдгийг өмнө нь мэдрээд ирсэн. Олон улсын багийн бүрэлдэхүүнд багтсан. Гэхдээ бүх зүйл дээр бие дааж шийдвэр гаргах хэрэгтэй болно. Тиймээс анхааралтай, хянуур байна.

-Эверестийн оргилд хүрч чадвал том бахархал болох байх даа бүсгүйчүүдийн хувьд?

-Тийм шүү. Үүнийг л би хүсээд байгаа юм. Тиймээс бараг л хоёр жилийн хугацаанд бэлтгэлээ базаалаа. Уулчны мөрөөдлөө биелүүлэх боломжийг надад олгож өгсөн бүх хүний итгэлийг алдахгүйн төлөө хичээнэ.

-Тавдугаар сарын сүүлчээр авирал хийхээр төлөвлөсөн юм байна. Яагаад ийм эрт явж байгаа юм бэ?

-Хаанаас нь авирах байрлалаа тогтоох хэрэгтэй. Бааздаа нэг хэсэг байрлаж, бэлтгэлээ үргэлжлүүлэн базаана. Тэгээд л үндсэн авиралтаа хийнэ дээ.

-Баярлалаа. Алтан соёмбот далбаагаа дэлхийн дээвэрт мандуулаад ирээрэй. Биеэ бодоорой?

-Маш их баярлалаа. Энэ их олон хүний итгэлийг тээгээд авиралтаа амжилттай хийнэ. Хоёр сарын дараа эсэн мэнд, өндөр амжилтаар уулзахын ерөөл тавъя.  

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж