
СЕХ-ны нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр гишүүн Ц.Нямдорж “Би 20 жилд СЕХ-ны нэг ч гишүүнтэй ярьж үзээгүй. Дандаа дарамтад байдаг. Ялагдсан тал нь дандаа СЕХ-ны гишүүдийг дарамталдаг. Ч.Содномцэрэн дарга 2012 оны сонгуулийн дараа “Машин шударга юм байна. Энэ сонгуулийн дүн шударгаар гарлаа” гэж хэлсэн. Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн дараа Н.Энхбаяр “Би СЕХ-ны дүнг зөвшөөрлөө. Харин ард түмний дүнг зөвшөөрсөнгүй“ гэж хэлсэн. Энэ хоёр үг хоёулаа сонгууль луйвар болдгийг баталж байна. СЕХ-ны шинэ дарга хариуцлагатай ажиллах хэрэгтэй” гэлээ.
Санал хураалтаар Б.Алтанжаргалыг хуралдаанд оролцсон 55 гишүүний 60 хувийн саналаар СЕХ-ны нарийн бичгийн даргыг томилж тогтоол баталлаа. Ийнхүү СЕХ эмэгтэй нарийн бичгийн даргатай боллоо. Үүний дараа СЕХ-ны гишүүнээр Д.Дэлгэрцогтыг сонгох асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.
Д.ОЮУН