Эвслээ “оршуулах” уу, гэрээгээ шинэчлэх үү?

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Эвслээ “оршуулах” уу, гэрээгээ шинэчлэх үү?

МҮАН-ын дарга М.Энхсайханы ярилцлага эвслийг задалчих шахав. Хумс­ны толион чинээ эрх мэдэл олж аваагүй, бараг л “дугаар хорооны иргэн” М.Энхсайханы ярианаас хойш юунд ийнхүү сандралдаж зарим нь ухасхийн нөгөө нам руугаа орж, сүлэлдээд явчихсан нь сонин. УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн ярьснаар бол хүн чанар нь “чангаагаад” Н.Энхбаярыг эмнэлэгт хоёр удаа эргэсэн гэнэ. Арай экс Ерөнхийлөгч түүнд баярласандаа “сэтгэлийг” нь чангаагаад намдаа татчихсан юм биш биз. Харин Ц.Цолмон М.Энхсайханд юу гэж хэлээд салснаа нууцалсан. Одоо хамгийн сонирхолтой нь МАХН, МҮАН-ын эвслийн гэрээнд ямар тохиолдолд “туурга тусгаарлахаар” тохиролцсон бэ гэдэг чухал.

Тэдний байгуулсан гэрээ нэлээд нууцлалтай байдаг бололтой. Тэр ч байтугай эвслийн зарим гишүүн уг гэрээний барааг хараагүй. Харуулах ч үгүй биз гэж байх юм. Гэвч эвслийн гэрээ олдлоо.

Есөн жилийн хугацаатай хамтын ажиллагааны санамж бичгийг үндэслэн байгуулсан уг гэрээний гол агуулга нь УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох тухай асуудалд чиглэсэн байна. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөх байгууллагад гишүүний орон тоо гарвал тухайн гишүүнийг томилж сонгосон нам нь нөхөн сонгож хүнээ томилохоор заажээ. Тэгэхээр “болзошгүй эрсдэл”-ийг сайтар тооцоолсон байгаа биз. Түүнчлэн УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх тохиолдолд хэн шийдвэр гаргах тухай заалт орсныг бодоход үнэхээр алсыг харсан, ихийг мөрөөдсөн байсан нь төвөггүй уншигдах аж.

Хэний ч санаанд оромгүй үнэмлэхүй ялалтыг эвсэл авч чадсан нь яах аргагүй үнэн. Тиймдээ ч УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газраас “хүртэх” 25 хувийг 100 хувь гэж үзвэл 70 хувийг МАХН, 30 хувийг МҮАН-д хуваарилна гэж ам тохироогоор шийдсэн гэдэг. Өөрөөр хэлбэл албан ёсны, бичгээр үйлдсэн тийм гэрээ байхгүй аж. Тэгэхээр эвслийн “амь нас”-ыг УИХ-ын сонгуулийн өмнө байгуулсан гэрээ л баталгаажуулж буй хэрэг. Гэтэл одоо эвсэл задрах тохиолдолд яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гэрээг эцсийн байдлаар 2012 оны тавдугаар сарын 1-нд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Өнөөдөр тэдний нэг нь эмнэлэгт ял эдэлж, нөгөө нь улс төрийг анхааралтай ажиглан “гэртээ” сууж байгаа. Тэдний гэрээний үр дүнд одоогийн байдлаар 10 хүн УИХ-ын гишүүний суудалд тухалж, тэднээс дөрөв нь сайдын алба хашиж байна. Мөн  дөрөв нь дэд сайдаар томилогдсон гээд бодохоор түүхэнд анх удаа дарга нартаа ээлгүй эвсэл болсон гэхэд хилсдэхгүй. Энэхүү  гэрээний зургаадугаарт “Эвсэл татан буугдах, эвслээс гарах, эвслийн  гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай тусгажээ. Үүнд:

  1. МАХН-МҮАН-ын “Шу­дар­га ёс” эвсэлд нэгдэн орсон намууд гэрээний хугацаанд ямар ч үед эвслээс гарах, эвслийг тараах оролдлого хийхгүй байх үүрэг хүлээж ажиллана.
  2. Эвсэлд нэгдэн орсон намын гишүүд, нэр дэвшигчид, бусад хамаарал бүхий этгээдүүд нь Монгол Улсын хууль тогтоомжийг бүрэн даган биелүүлэх ба хэрэв аливаа хууль тогтоомж, ялангуяа Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, эвслийн хэвийн үйл ажиллагаа, эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй байх баталгааг үүгээр гаргаж байна. Аль ч намын албан тушаалтан, гишүүд, нэр дэвшигчид, тэдний төлөөлөгчид хууль зөрчсөн нь тогтоогдсон бол түүнийг тухайн намын эрх бүхий байгууллага түүнийг намынхаа гишүүнээс чөлөөлж, эвслийн сонгууль эрхэлсэн бай­гууллага сонгуулийн нэрийн жаг­саалтаас хасуулах арга хэмжээ авна.
  3. МАХН-МҮАН-ын “Шу­дар­га ёс” эвслийн намууд нь Улсын Их Хурлын ээлжит болон нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хуралд нэг этгээд болж оролцох бөгөөд эвслийн аль нэг нам нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данс нээлгэх, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан сонгуульд оролцохыг хориглох бөгөөд хэрэв аль нэг нам нь ийм шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж үзнэ.
  4. Эвсэлд нэгдэн орсон намууд хэдийд ч эвслээс гарах эрхтэй боловч нэр дэвшүүлэх тойрог, нэрийн жаг­саалт дахь дарааллын маргаанаас үүдэн  эвслээс гарахгүй.  
  5. МАХН-МҮАН-ын “Шу­дар­га ёс” эвслийн төлөөлөх бай­гууллага эвслийн гэрээг хэдийд ч цуцалж болно.
  6. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлийн дийлэнх олонхийн саналаар энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нам тус бүр өөрсдийн төлөөлөх төв байгууллагаараа хэлэлцүүлсэн байна” гэжээ.

Нэмж хэлэхэд уг гэрээний долоодугаарт “Эвслийн гэрээ нь 2012 оны УИХ-ын сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэсэн байгаа. Тэгэхээр УИХ тарчихдаггүй л юм бол МАХН, МҮАН тарахгүй байх үүргийг дээрх гэрээгээр хүлээжээ. Гэтэл АН-ынхан орон нутгийн сонгуульд “Шударга ёс” эвсэлтэй нэгдэж орох тухай ярьж эхэлсэн. Эвслээрээ өөр эвсэлтэй нэгдчихвэл яах вэ гэдгийг лав энэ гэрээнд тусгаагүй. Харин эвслээсээ аль нэг нам нь салж, өөр намтай эвсэж сонгуульд оролцвол автоматаар “Эвсэл задарлаа” гэж үзэх аж. Энэ мэтчилэн цаашид орон нутгийн хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо дээрх гэрээг хэрхэн мөрдөхөө эвсэлд нэгдсэн намуудын зарим гишүүн ойлгохоо байчихаад байна. Ямар ч байсан энэ гэрээний хүчээр эвслийнхэн УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд болсон нь үнэн. Харин эвсэл задарвал УИХ-д ч “Шударга ёс” гэгч бүлэг байхгүй болох гэмтэй. Тэгэхээр “Шударга ёс” эвслийнхэн гэрээгээ шинэчлэхгүй бол УИХ-д бүлэггүй болж мэдэхээр байдалд орчихлоо. Хэдийгээр МАХН, МҮАН есөн жил хамтрах тухай санамж бичигт гарын үсэг зурсан ч энэ удаа гэрээгээ яаралтай шинэчлэхгүй бол МАН, АН-ынхан “хаа, гуяар” чинь салгаад хаяахад бэлэн байна. Тэдэнтэй эвсэж орон нутгийн сонгуульд оролцоод, түүнийхээ үр дүнгээр гэрээ байгуулна гэдэг юу л бол. Иймд эмнэлэгт хэвтэж буй Н.Энхбаяр, иргэн М.Энхсайхан нар ямар нэг байдлаар дахин хэлэлцээрт орох шаардлагатай болох нь. Эс тэгвээс зарим хүний зөгнөөд байгаачлан эвслээ “оршуулах”-аас аргагүй болох нь.

ТОЙМЧ: У.ОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж