МҮАН Ц.Цолмонгийн бүрэн эрхийг түдгэлзүүлж мэдэх нь

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

МҮАН Ц.Цолмонгийн бүрэн эрхийг түдгэлзүүлж мэдэх нь

УИХ-ын гишүүн Ц.Цолмон МҮАН-аас гарч, МАХН-д элсэх шийдвэрийг уржигдар гар­гасан. Тэрбээр өөрийнхөө шийдвэрт сэтгэл хангалуун бай­гаагаа илэрхийлсэн ч намынхаа нөхдийг цочролд оруул­чихсан. Шинэ намынхан нь бус МҮАН-ынхан хэлэх үг­гүй болтлоо гацчихсан гэж болно. Яг л хоолой дээр нь яс тээглэсэн мэт. Тийм ч учраас МҮАН-ын удирдлагууд өнөөд­рийг хүртэл тодорхой байр суурь илэрхийлээгүй бөгөөд зөвхөн Ц.Цолмон гэсэн хувь улстөрчийн байр суурь л хэв­лэлийг чимж байна. “Би МАХН-д жирийн гишүүнээр эл­сэж байгаа. Энэ шийдвэрийг гар­гахын тулд олон хүнтэй зөвлөлдсөн. Олон талаас нь бодсон. Яг шийдвэр гаргахад нөлөөлөөгүй ч, миний гаргаж байгаа шийдвэр буруу биш гэд­гийг харуулах үзүүлэлт бий.
Манай арав төгссөн ангийнхан, сүүлд намын дээд сургууль төгсөхөд байсан ангийнхан, ах дүү нарын олонхи нь МАХН-д бий. Тэгэхээр би улс төрийн хувьд алдаж магадгүй” гэсэн үгс. Түүний энэ үг улстөрчийн байр суурь бус хувь хүний хүсэл сонирхол юм гэсэн. Мэдээж өөрийнх нь тайлбарлаж байгаагаар бол сайхан л байр суурь.

Харин намынхных нь хувьд ёстой л далаараа тавиулна гэдэг шиг байдалд орчихоод байгаа. УИХ-ын гишүүн Г.Уянга л гэхэд  Ц.Цолмон гишүүний шийдвэрийг сонсоод шоконд орсон гэдгээ нуугаагүй. Намынх нь дарга М.Энхсайхан ч түүнээс дээр нөхцөл байдалд ороогүй байх. Гэхдээ Ц.Цолмон гишүүн энэ тухайгаа даргадаа өмнө нь хэлсэн гэдгээ хэвлэлээр мэдэгдсэн. Гол нь энэ бүхэн бол МҮАН-ын дотоод асуудал.

Тэгвэл Ц.Цолмон гишүүний гэнэтийн шийдвэр зөвхөн МҮАН-ын асуудлаас хальж, “Шударга ёс” эвслийн хувь заяатай холбогдох нь тодорхой болж байна. Цаашлаад Ц.Цолмон гэдэг УИХ-ын гишүүн байх шаардлагатай эсэхийг ярих хэрэгцээ шаардлагыг ч бий болгочихлоо. Ц.Цолмон гишүүний хувьд сонгогчдын саналаар сонгогдоогүй. “Шударга ёс” эвслийн жагсаалтаар УИХ-д орсон. Жагсаалтад орохдоо МҮАН-д хуваарилагдсан суудлын хуваарилалтаар гишүүн болсон. Тэгэхээр УИХ-ын гишүүнийх нь суудал шууд утгаараа МҮАН-ын өмч байх ёстой бөгөөд тухайн нам өөрийн квотдоо өөрийн намын хүнийг л гишүүн болгох давуу эрхтэй юм. Нэг ёсны Ц.Цолмон гишүүн МҮАН-аас гарч, МАХН-д элссэнээр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, сул гишүүний үүрэг гүйцэтгэх шаардлагатай болно гэсэн үг. Өөрөө ч энэ тухайгаа гадарлаж байгаа бололтой юм билээ. Учир нь “Би улс төрийн хувьд алдаж магадгүй. Энд тэндээс хөөгдөж, хасагдахыг ч үгүйсгэхгүй. Гэвч миний  шийдвэр буруу биш гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн өгүүлбэрийг өөрийнхөө амнаас унагасан байсан. Түүнчлэн МҮАН-ын гишүүд ч “УИХ-ын гишүүн байх эсэхийг нь ярилцах хэрэгтэй” гэсэн яриаг дотроо сэм ярилцаад эхэлсэн нь нууц биш юм. Мэдээж МАХН-ын зүгээс “Ц.Цолмонг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлсэн тохиолдолд эвслийг тараана” гэж айлгахгүй л бол шүү дээ. Эцэст нь түүний тухай сонирхолтой мэдээллийг дуулгахад Ц.Цолмон гишүүн тэртээ 1990-ээд оны үед МАХН-аас элэг буруулснаасаа хойш 20 орчим жилийн хугацаанд таван намын хаалгыг хааж, нээж явсныхаа эцэст төрхөмдөө эргэн ирж байгаа нь энэ. Бууринаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовно гэдэг шиг л…

Тоймч: Г.ОТГОНЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж