Монгол түмэн минь хөвгүүдээрээ бахархаарай

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Монгол түмэн минь хөвгүүдээрээ бахархаарай

Яг одоо  онгоц хөөрч байна. Монголын энхийг сахиулагчид Афганистаныг зорьж байгаа нь энэ. Дэд хурандаа T.Буянбат захирагчтай 7 дугаар ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэхээр, харин БХЯ-ны СУТГ-ын тасгийн дарга,   хурандаа П.Жаргалсайхан, ЗХЖШ-ын ЦХҮГ-ийн МХТХХ-ийн дарга хурандаа О.Баянжаргал, АУГ-ын ЭДАХ-ийн дарга, дэд хурандаа Ж.Молорболд нарын бүрэлдэхүүнтэй ээлж солилцох комисс давхар цэргүүдийнхээ ажил үйлс, хангалт зэрэг асуудалтай танилцах зорилготой.

Явлаа л гэнэ, ирлээ л гэнэ гэдэг шиг монголын энхийг сахиулагчид шангаа татаж, дэлхийд нэрээ гаргасанаас хойш даруй 10 жилийг үдэж дэлхийн халуун цэгүүдэд 6000 гаруй дайчид үүрэг гүйцэтгэжээ. Үүний ард хичнээн хүний нөр их хөдөлмөр орсныг үгээр хэлшгүй. Хэдэн цэрэг яваад, ирээд байдаг юм шиг зарим нэг нь хялбарханаар ойлгож болох юм. Тэгвэл энэ ойлголтыг монгол цэргүүдийн үүрэг хариуцлага, чадвар, хүч хөдөлмөр бий болгож байгаа юм. Яагаад гээч, энэ 10 жилийн хугацаанд ямар нэгэн эрсдэл, бидний хэлдгээр муу мэдээгүй, тэр бүү хэл эр зориг, авхаалж самбаа, мэргэжлийн өндөр чадвараараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж нэр төрөө гаргаж буй энэ амжилт  Монголын цэргийн алба хаагчдын сургалт бэлтгэл, үүрэг хариуцлага, далага туршлага дээр тогтож байгаа хэрэг. Дайн дажин үймээн самуунтай улсад үүрэг гүйцэтгэнэ гэдэг ямар эрсдэлтэй нь ойлгомжтой. Хамт үүрэг гүйцэтгэж байсан, байгаа аль ч орны цэргийн алба хаагчид, удирдлагуудаас нь асуугаад үзээрэй. Ам уралдан магтах вий цэргүүдийг маань. Нэг цэргийн багийг илгээхэд хүмүүсээ сонгох, баг бүрдүүлэх, тэдний эрүүл мэнд, ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл,ар талын хангалт гээд олон зүйлийг цогцоор нь шийдэж байж үүрэг гүйцэтгэх газар орон рүү илгээдэг гэдгийг цэргийнхэн маань  мэдэх ч хүүгээ, дүүгээ, нөхрөө үдэж буй ар гэрийнхний хувьд тийм ч сайн мэдэхгүй. Бас тэдний маань ямар газар оронд, ямар нөхцөлд ямар үүрэг гүйцэтгэж байгаа талаарх ойлголт ч дулимаг байх. Очоод нүдээрээ харах өөр байх нь мэдээж, хурдхан л хүрэх газраа очихсон…

Бас нэг сэтгэлд ойр байсан зүйл бол Хазара хэмээх монгол цустай 6 сая орчим иргэд энд амьдардаг тухай мэдээлэл байсан юм. Эртний Афганий бодлогогүй хаад ноёдын дээрэнгүй үгс үйлдлээс болж Их эзэн Чингис хаан дайлаар мордож Бамяан хотыг эзлэн улмаар тэнд 1000 морьтоноо захируулан үлдээсэн нь эдүгээгийн Хазарачууд гэнэ лээ. Бас Афганистанд “Хашгираан хот” хэмээн түүхэнд алдаршиж үлдсэн хот бий. Их хааны цэрэг энэ хотыг дайлаар мордоход хотын зүгээс зөвхөн монгол баатруудын уухай, хашгираанаас өөр зүйл сонсогдоогүй гэх агаад одоо ч энэ нутгийн хөрсийг барьж үзэхэд тос даадаг гэлцдэг. Хазара гэдэг нь 1000 морьтон гэсэн үг. Афганыг Цагаадайн улс гэж нэрлэх нь ч бий. Бас “Цагаадай” гэж өөрийн үүх түүхийг харуулсан хот одоо ч байдаг гэсэн.

Афганыг чиглэн дүүлэх онгоцонд ийм л эрээвэр хураавар бодол толгойд эргэлдсээр Кабулын нисэх онгоцны буудалд буулаа. Ойрмогхон халдлага болсон тухай мэдээлэлтэй байсан болоод ч тэр үү сэтгэл нэг л түгшүүртэй, цаанаа л нэг бүлбэгэр байсныг нуухгүй ээ.

НИСЭХ БУУДЛЫН “СУДСЫГ” МОНГОЛ ДАЙЧИД “АТГАДАГ”

Биднийг Тогтвортой эрх чөлөө ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй YI  дугаар ээлжийн цэргийн багийн захирагч, дэд хурандаа П.Ариунболд, Нисэх буудлын хамгаалалтын салааны захирагч, хошууч Г.Батзориг, Нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын багийн дарга, дэд хурандаа Д.Ганхуяг нарын хүмүүс  угтаж, “Каяа” баазад ирлээ. “А” гэхийн ч завдал өгөлгүй ажилдаа шуурхай орох нь тэр. Үүнээс ч өөр аргагүй,  агшин хормоор хэмжигддэг асар хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь анхнаасаа л мэдрэгдэж байсан юм. Хамт ирсэн багийн залуус маань ч хэзээний буу зэвсэг хуяг хантаазаа өмсөөд бэлэн байдалд орчихсон байв.

Манай залуусийн ажлын байр монголын гэсэн бахархал бүхнээр гоёостой. Монголын хаадын хөргөөр ханаа тойруулж, төриЙн далбаа, морин хуураа хоймороо залсан өрөөтэй. Батзориг хошууч Афганистаны цагийн байдал хийгээд баазын тухай, гүйцэтгэж буй үүргийнхээ талаар мэдээлэл хийсний дараа шахуу хөтөлбөр ёсоор ээлж солилцох комиссийн гишүүд  тус баазын удирдлагуудтай гурван удаа уулзалт хийгээдхэв. Удирдлагуудын хийсэн уулзалтаас ажихад монголын цэргийн алба хаагчдыг сахилга баттай,  мэргэжлийн өндөр чадвартай, хариуцлагатай хамтран ажиллахад үнэхээр сэтгэл хангалуун байдаг гэсэн үгсийг хүн бүхэн хэлж байсан нь туйлаас таатай байв.  Цэргийн алба хаагчдын тоог нэмэх хүсэлт тавьж байсан нь ч үүний нотолгоо биз. Үүний дараа бид цэргийн алба хаагчдынхаа амьдарч буй орчин нөхцөлтэй танилцсан юм. Дутаад байх зүйл алгаа. Манайхан хаа газар амархан дасан зохицох чадвартай гэдэг үг зүгээр ч нэг гараагүй бололтой. Байрлаж буй газрынх нь үүдээр ороход тэдний урласан Чингисийн морьтой хөшөө дүнхийн угтаж, Монголд  байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гадныхны ганц зургаа авхуулдаг цэг гэж хошигноцгоож байгаа залуус маань урам зоригтой, ёстой л “гялалзаж” байгааг зориуд тэмдэглэмээр байна. Баазын орчин ч боломжийн интэрнет танхим, спорт цогцолбор, кино театр гээд байхгүй зүйлгүй болхоор чөлөөт цагийг өнгөрөөж ядах юмгүй. Бас хэл, соёл, зан заншлын хувьд ч харилцан суралцах боломж өндөр аж. Зарим гадны цэргийн алба хаагчид, тэнд ажиллаж буй энгийн ажилчид “ Сайн уу, Сонин юу байна даа, Тайван байна даа “ гэх зэргээр өөдөөс цэвэрхэн хэдэн үг сольчих нь содон. Монгол хэл,соёл зан заншилаа сурталчилж яваагийн нэг хэлбэр гэлтэй. Энэ мэтчилэн онцлох зүйл олон байлаа.

Бүрий болмогц удирдлагуудаас зөвшөөрөл авч Нисэхийн аюулгүйн ажиллагааны офицер, ахлах дэслэгч Т.Тулгыг даган харуулын цэгүүдээр  тойрч тэдний гүйцэтгэж буй ажил үүргийн зах зухаас нь мэдээлэл авлаа. КАЯА нисэх буудлийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа дайчид маань хоёр хоёроороо 12 цагаар ээлжилдэг гэнэ. Нисэх буудлын хаалгуудаар орж гарч буй хүмүүс, ачаа тээш, техник хэрэгсэлд нэвтрэх зөвшөөрөл олгох, үзлэг шалгалт хийж нэвтрүүлэх, өндөр хэмжээний зочид төлөөлөгчидийн хамгаалалт гээд тэдний хүлээсэн үүрэг хариуцлагыг сонсож, харах мөчид айх, бахархах сэтгэл зэрэгцэж байлаа. Айсны учир нь ганцхан хором сэрэмж алдаж “нөгөө болдоггүй этгээд, ачаа тээш, машинаас” ганцыг нэвтрүүлэхэд л энэ буудал, олон мянган хүний хувь заяа “дууслаа” гэсэн үг. Харин бахархахын учиг нь гадаад хэл,  мэргэжлийн зэрэг өндөр ур чадвар шаардсан энэ хариуцлагатай үүргийг Монгол дайчид, Монголын энхийг сахиулагчид маш сайн гүйцэтгэж байгааг нүдээрээ  харж байгаа болохоор тэр. Бас тэднийг ямархан эрсдэлтэй газар оронд үүрэг гүйцэтгэж байгааг хамгийн ихээр мэдрүүлсэн 3 богинохон өгүүлбэрийг ч бас энэ шөнө сонссон. Гурав дахь шалган нэвтүүлэх цэгийн байрлалд очиход “ Эрхэм ахлах дэслэгчид илтгэе.   …. байрлалаас 1 минутын өмнө 3 удаа буун дуу гарлаа” гэсэн илтгэл. Энэ бол наад захын жишээ буюу ганцхан шөнө л тохиолдож байгаа зүйл. Эднийг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хелари Клинтоноос эхлээд өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид олон ирж, тэдний аюулгүй байдлыг монгол дайчид маань хангаж, хамгаалж ажилласан гэж бодохоор үнэхээр дэлхийд данстай цэнхэр дуулгатнууд юм даа гэсэн хөөргөн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Дан ганц мэдлэг боловсрол туршлагаас гадна хамгийн гол нь хүмүүстэй харилцах харьцаа ялангуяа нутгийн иргэдтэй тунг нь тааруулж харилцах хамгийн чухал. Дээр нь гярхай, уйгагүй зан чанар ч их шаардагддаг. Манайхан дарга цэрэг гэлтгүй ачаалал ихтэй байдаг  ч олон хүний амь настай холбоотой чухал хариуцлагатай үүрэг хүлээсэн болохоор ядрахыг ч мэдэхгүй ажилладаг гэж ахлах дэслэгч Тулга ярьсан. Нислэгийн талбайн гэрэлтүүлгээс эхлээд ар талын асуудлыг бас эд давхар хариуцдаг аж. Үүнээс гадна үндсэн сургалт бэлтгэлээ ч орхигдуулахгүй. Багийн дийлэнх нь хорь гарч яваа залуус. Тоглож хөгжиж байгаа тэднийг харахад эгээ л жаахан хөвгүүд шиг. Харин тэд үүргээ гүйцэтгэхдээ нугарч харихгүй монгол дайчид. “Залуус маань эрч хүчтэй сайн ажиллаж байгаа. Ачаалал их болохоор аль болох амраахыг хичээдэг юм. Чөлөөт цагаараа эд маань хэлний мэдлэгээ дээшлүүлж, бие бялдрынхаа хөгжилд их анхаарал хандуулдаг. Бас их бүтээлч сэтгэлгээтэй залуус багт маань олон бий гэж”  салааны захирагч, хошууч Батзориг залуусаа магтсан. Харин би нэг зорилготой, нэг зүгт чиглэн зүтгэж байгаа энэ хамт олныг удирдах амаргүй үүргийг хүлээсэн салааны захирагчийг өөрийг нь ч бас магтмаар байна. Кабулын нисэх буудлын амин судсыг атгадаг монгол дайчдыг маань үйлс өөдрөг байг.

МАРМАЛ БААЗ ДАХЬ МАНАЙХАН

Өглөө эртээ бид Каяа баазаас Мармал баазыг зорьлоо. Мармал уул манантаж дүнсийнэ.Тэнд Монгол Улсын Зэвсэгт хүчний дэд хурандаа Ж.Өсөхбаяр захирагчтай YI ээлжийн эргүүл хамгаалалтын рот үүрэг гүйцэтгэдэг. Биднийг багийн захирагч, дэд хурандаа Ж.Өсөхбаяр залуусынхаа хамт угтаж бас л товч бөгөөд тодорхой хөтөлбөр “атгуулчихаад” ажилдаа оров. Цэргийн багийн маань үндсэн үүрэг нь “Мармал баазын төв шалган нэвтрүүлэх байр, харуулын цэгүүд дээр үүрэг гүйцэтгэх, баазын аюулгүй байдлыг хангах, мужийн сэргээн босголтын багийн хариуцлагын бүсэд ойрын зайн өдөр шөнийн эргүүлийн үүргийг гүйцэтгэх, Файзабад баазын шалган нэвтрүүлэх байрыг ажиглах болон харуулын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж баазын аюулгүй байдлыг хангах, Файзабад хотын олон улсын нисэх онгоцны буудлын аюулгүй байлыг хангах. Албаны хэллэгээр бол ийм. Бас л “Каяа”-гийнхан шиг эрсдэлтэй, бэрх үүрэгтэй. Бэлтгэсэн танилцуулга, өгсөн мэдээлэл зэргээс нь хараад их чамбай хүн юм гэсэн мэндийн зөрөөтэй төдий л таних дэд хурандаагийн талаарх анхны сэтгэгдэл зөрөөгүй юм. Яг өнөөдрийн байдлаар тэд баазын хамгаалалтад харуулын  цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үндсэн шалган нэвтрүүлэх цэгийг хариуцан ажиллаж байгаа гэнэ. Харин тус цэргийн багийн нэг хэсэг нь Файзабад баазад эргүүл  хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа агаад уг бүрэлдэхүүнийг ирэхээр дахиад хоёр шалган нэвтрүүлэх цэгт болон эргүүлийн үүрэг нэмж гүйцэтгэх аж. Ачаалал, үүрэг, хариуцлага нэмэгдэх нь дээ эдэнд маань. Зөвхөн үндсэн шалган нэвтрүүлэх хаалгаар гэхэд л өдөрт 1500 хүн, 300 орчим машин гарч ордог. Энэ бүхэнд нарийн нягт шалгалт хийж бааз руу нэвтрүүлнэ гэдэг амаргүй бас эрсдэлтэй ажил. Биднийг тус шалган дээр очиход ачаалал харьцангуй гайгүй байлаа. Учир нь өнөөдөр мөргөлийн өдөр гэнэ. Нүд хөмсөг болсон ширүүн харцтай нөхдүүд зураг авах зуур муухай харна. Зарим нь нэгжлэг хийлгэх тун дургүй, зарим гадныхан ч шаардлага биелүүлэхдээ таагүй ханддаг аж. Гэхдээ афганчууд манайханд их сайн ханддаг, өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан Армяны цэргийнхнийг бодвол манайхан зөв боловсон найрсаг харилцдагболхоор тэр. Бас нэг онцлох зүйл нь шалган нэвтрүүлэх цэгт хийсэн үнэмлэхний хайрцгууд, энэ санаачлага ажлыг нь багагүй хөнгөлсөн төдийгүй баазын удирдлагуудад ч өндөр үнэлэгджээ. Эдний багийн бараг 60-70 хувь нь хорь гаруйхан настай. Ёстой л “шижигнэсэн залуус” гэсэн үг эдэнд л тохирох байх. Шалган нэвтүүлэх цэгүүдээр явсны дараа төлөвлөгөө ёсоор баазын удирдлагуудтай уулзлаа. Мэдээж манай залуусыг магтах үг харамгүй урсгана. Ажил мэргэжилдээ төдийгүй урлаг стортоор ч тэднийг гайхшруулдаг. Үндэсний баяр наадмын үеэр бэлтгэсэн тоглолт нь баазынхныг тэр аяар нь “донсолгож” монголын болоод дэлхийн сонгодогуудыг эгшиглүүлж, монголоо сурталчилж, монголчууд ийм авьяастай гэдгийг үзүүлээд өгчээ. Уулзалтуудын дараа комиссын бүрэлдэхүүн багийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж БХЯ, ЗХЖШ-аас явуулж буй бодлого хийгээд сүүлийн үед өрнөж буй ажлуудын талаар мэдээлэл хийж чин сэтгэлийн яриа өрнүүлсэн юм. Удирдлагуудынх нь урмын  үг, заавар зөвлөгөө ч тэдэнд ажиллах эрч хүч өгсөн нь эргэлзээгүй. Бас ар гэрээс нь ирсэн бяцхан илгээмжүүдийг ч гардуулав. Хүүгийнхээ зургийг харах гэж яарч буй аав, хэн нэгнээс ирсэн захидлыг унших гэж догдлох агшин гээд олон дүр зургийг олж харсан ямар ч хүн сэтгэл догдолж бахархахгүй байж чадахгүй. Хүүгээ, охиноо мэндлэхэд нь байгаагүй, магадгүй ар гэрт нь хүндхэн зүйл тохиолдоход эзгүй гээд олон  тохиолдол эдэнд маань байгаа. Энэ чинь л цэргийн хүний амьдралын онцлог хойно яах ч аргагүй. Биднийг хүлээж авсан амралтын өрөө нь эдний хувьд “Монгол улс” гэсэн үг. Морин хуураа залж, Монголын соёл, үүх түүхийг харуулсан зурагт хуудаснууд гээд байхгүй юмгүй. Бүр “Цогоо гуай” гэдэг рекламаар нь танил болсон DDSH олон суваг хүртэл гарна гээч. Яг л монголдоо байгаа юм шиг мэдрэмж төрсөн шүү. Орчин нөхцлөө ингэж л бүрдүүлж байж  үүргээ сайн гүйцэтгэнэ, эд маань хүний нутагт хүндхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Иинхүү залуустайгаа өнгөрүүлсэн бас нэг өдөр өнгөрч байна. Ганцхан өдрийн хугацаагаар цэнхэр дуулгатнуудынхаа ажил үйлсийг багтааж харуулна гэдэг өрөөсгөл ойлголт боловч зах  зухаас нь уншигч танд хүргэхийг зорилоо. Яг энэ агшинд дэлхийн халуун цэгт үүргээ нэр төртэй  гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг сахиулагчдаараа бахархаж, омогшиж байна. Хүний нутгийн тэнгэр дор Энхийн үйлсийн манаанд монгол цэргүүд зогсож байна. Энэ бахархал, омогшил, баатарлаг гавьяа биш гэж үү. Ээж, аавынхаа нөмрөөс ч гарч амжаагүй насан дээрээ мянган мянган хүний амь нас, амьдралыг хариуцан дэлхий даянаа энхийг цогцлоохоор монгол хөвгүүд чинь зүтгэж байна. Аав ээж нь, ахан дүүс нь, монгол хүн бүхэн тэднээрээ бахархаарай.

Үргэлжлэл бий.

     Ахмад Х.ГАНЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж