
Харин өнөөдөр “Тэмүүлэнбаатар” компанийн захирал Б.Эрдэнэчимэг хэвлэлийнхэнд хандан хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Хурлын үеэр тэрбээр орон сууцны барилга нь газрын болон бусад бүх шатны зөвшөөрөлтэй хэмээв.
Тэрбээр 2007 онд Нийслэлийн газрын албанаас 577 тоот тушаалын дагуу таван давхар орон сууцны барилга барих зөвшөөрөл аваад, долоон давхар барилга барьж, оршин суугчдаа оруулжээ. Баригдах явцад нь зохих байгууллагууд шалгаад үргэлжлүүлэн бариулж, нэмж давхар барихыг нь зөвшөөрсөн гэнэ. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэмж давхар барьсан гэдэг үндэслэлээр ашиглалтад авахгүй байхаар нь захиалагчдаа байранд нь оруулсан аж. Тэрбээр “Нэмж давхар барихдаа зохих зөвшөөрөл авч, дүгнэлт хийлгэн бичиг баримтаа үзүүлсэн ч албаныхан ашиглалтад аваагүй нэг жил болсон” гэсэн юм.
Б.Эрдэнэчимэгийн тайлбарласнаар тэрбээр найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байсан хувийн газартаа барилга барьсан гэнэ. 2009 онд ашиглалтад орсон 43 айлын орон сууцаа нэг кв.метрийг 500-700 ам.доллараар худалдсан. Одоо барьж буй барилгаа ч мөн кв.метр талбайн үнийг нэг сая гаруй төгрөгөөр тооцож, худалдаалж буй гэнэ. Тэрбээр дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, ардаа хөрөнгө оруулагч байхгүй, аль нэг намын гишүүн биш учраас үнэ унагах, дарамтлах үе олон гарч байсан хэмээн ярилаа.