Авлигын шинэ эх үүсвэр даллах уу?

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Авлигын шинэ эх үүсвэр даллах уу?

Ерөнхий сайд С.Батболд БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Солонгосын нэгэн эмийн үйлдвэрт зочилж байхдаа эрүүл мэндийн сайд Ламбаад эмийн бүтээгдэхүүнийг худалдан авахад тендер зарладахгүйгээр худалдан авч болдог эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэгджээ. Энэ нь хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн төсөлд оруулах Засгийн газрын санал болно гэдэг утгаараа санамсаргүй хэлсэн үг биш юм.

Ер нь төрийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа хэнд ч төсвийн мөнгийг зарцуулах процессийг зохицуулсан эрх зүйн актуудыг хүчингүй болгох сонирхол байдаг нь тодорхой. Харин манай ерөнхий сайд түүнийг устгахыг ил тод үүрэгдэж байгааг юу гэж дүгнэвэл зохилтой вэ. Энэ үүрэг даалгавар нь ямар утгатай болохыг тайлбарлахыг оролдьё.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль анх 2000 онд батлагдсан юм. Дараа нь Дэлхийн банкны төслийн хүрээнд олон улсын зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр шинэчлэн  боловсруулж 2006 онд УИХ-аар баталснаар мөрдөгдөж эхэлсэн.

Өнөөгийн хуульд зарим нэг алдаа дутагдал байдаг боловч олон улсын шинжээчдийн зүгээс давгүй сайн боловсруулсан эрх зүйн баримт бичиг гэж үнэлдэг. Гэвч уг хуулийг батлагдсан өдрөөс л хэрэгжүүлэхийг эсэргүүцэгчид улс төрд байсаар ирсэн билээ. Харин энд хууль хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж хамгаалсаар ирсэн Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газрынхныг магтууштай. Хэдийгээр энэ хуулийг хэрэгжүүлэхийг хүсэгчид олон байдаг ч хэрэгжүүлэхийг хүсдэггүйчүүд өөрчлөлт оруулж дөнгөсөн юм.

2007 онд оруулсан өөрчлөлтөөр “улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулах авто зам, эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын нийт аж ахуйн нэгжүүдийг хүчин чадалтай тэнцүү буюу түүнээс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар жишиг үнийг үндэслэн гүйцэтгэгчийг шууд сонгох шаардлагатай гэж үзсэн” бол шууд гэрээ байгуулж болохоор болгосон.

Энэ шийдвэр нь Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсны дараа М.Энхболдын Засгийн газрын үед гарсан шийдвэр билээ. Уншигч авхай санаж байгаа бол Ц.Элбэгдорж ерөнхий сайдын ажлаа өгөхийн өмнө 300 сая ам.долларын төсвийн илүүдлийг дараагийн Засгийн газарт үлдээж байгаагаа зарлаж байсан. Энэ бол улсын дансанд мөнгө байгааг зүгээр нэг хэлсэн үг биш, энэ бол мөнгө байсан ч зөв зүйлд зарцуулах ёстой гэж хадгалж байсны илэрхийлэл юм.

Нэгэн бяцхан түүх сөхье. Монгол Улсад эрчим хүчний нэгдсэн систем бий болж хөгжсөнөөс хойш 80 жилийн хугацаанд нийт 250 гаруй сум суурин газрыг эрчим хүчний нэгдсэн системд холбожээ. Үлдсэн сумд нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбоход эдийн засгийн үр ашиг муутай байснаас эрчим хүчний бие даасан эх үүсвэрүүдийг ашиглаж байсан бөгөөд технологийн зарим шийдлүүдийг ч судалж байв. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний нэгдсэн системд холбох нь үр ашиггүй гэж үзээд дизель станц ажиллуулах юм уу, эсвэл нар, салхины эрчим хүч ашигладаг байх нь зөв гэж үзсэн хэрэг. Өнөөдрийн технологийн төвшинд гарах зардлаар нь тооцоход хоорондоо 60 км зайтай ямар ч үйлдвэрлэл явуулдаггүй 1000 өрх оршин суудаг суурин газрыг төвийн эрчим хүчинд холбох цахилгаан дамжуулах агаарын шугам барихад хөрөнгө оруулалтаа 150 жилийн дараа нөхнө. Харин барьж байгаа шугам нь ердөө 25-30 жилийн хугацаанд элэгдэлд орж дуусна. Гэтэл хуулийн дээрх өөрчөлт орсон жил 70 гаруй сумыг нэг жилийн дотор эрчим хүчний нэгдсэн системд холбох шийдвэр гарч хэрэгжүүлжээ. Зорилго нь эрчим хүчний төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээг дотоодын компаниудын хүчин чадлаас багагүй болгохын тулд учраас эдийн засгийн үр ашигтай эсэх нь хамаагүй болсон юм. Үүнийг хөгжлийн төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт гэж нэрлэх үү?

Нөгөө талаас нийлүүлэх хүчин чадлыг бага байлгах ёстой. Үүний цаана тусгай зөвшөөрөл олгох эрхтэй төрийн байгууллагуудыг байлгасаар байгаа юм. Эдгээр байгууллагууд нь тусгай зөвшөөрөл олгохгүй байхын тулд ажиллаж байгаа бөгөөд ингэснээрээ нийлүүлэгчдийг хязгаарлаж мөнөөх хүчин чадлыг бага байлгах үүргээ биелүүлж байна. Өнөөдөр дэлхийн хаана ч байхгүй марзан шаардлага тавиад сууж байдаг тусгай зөвшөөрөл олгогчдын буянаар баригдсан замын эвдрэлээс бидний машин эвдэрч, орон сууцны барилга өндөр үнэтэй байгаа нь харин бодит үнэн.

Шууд гэрээ байгуулах нь нэгэнт өрсөлдөөнийг үгүй хийж, зөвхөн жишиг үнэнд тулгуурлаж байгаа учир жишиг үнийг өндөр байлгаж ашиг хийх боломжийг бий болгож байна. Тийм ч учраас дэд бүтцийн салбар дахь жишиг үнийг бий болгодог зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээг төрийн байгууллага хийсээр байгаа билээ. Энэ нь авилгыг улам нарийн болгоход зохих нөлөөгөө үзүүлсэн. Өнөөдөр бүх салбарт зураг төсөл болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажилд нөлөөгөө үзүүлэх гэж оролдогсод, төсөвт өндөр үнэ суулгахыг эрмэлзэгсэд улам олширч байна. Үнэн хэрэгтээ шууд гэрээ нь засаглалыг сүйрүүлж байна.

Сүүлийн үед Ерөнхий сайд С.Батболд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхээр ханцуй шамлан ажиллаж байгаа боловч төрийн бус байгууллагууд төрийн энэ эрхэм үүргийг аваад явж чадахааргүй байгаа гэж зарлаад буй. Үнэн хэрэгтээ энэ чинь олон нийтийн засаглалын зарим чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагад шилжүүлэх жам ёсны процессийн тухай ойлголт гэдгийг сануулчихмаар. Сайн засаглалтай орнуудад Засгийн газрын бус байгууллагуудыг (Non Government Organization) Засгийн газрын байгууллага шиг улс төрийн сонирхол байдаггүй тул олон нийтийн хяналтын чиг, үүргийг хамгийн сайн гүйцэтгэдэг гэж үздэг юм. Барилгын салбарын тусгай зөвшөөрөл олгох болон хяналт тавих эрхийг барилгын салбарын нэгдсэн холбоонд өгчихөд чадавхи султай байлаа гээд арай ч намын санхүүжилт босгоход оролцож байгаа эсэхээр нь ялгаварлаад суухгүй байлгүй дээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэл гэсэн сайхан нэршил Монголд ид нутагшиж байна. Нутагшихдаа мөн л өөрийн шинж чанараа гээн монголчлогдож байгаа бололтой. Саяхан уг ойлголтын хүрээнд Концессийн тухай хууль батлан гаргахдаа сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газар батална гэчихсэн нь худалдан авах ажиллагааны хуулийг өөрчлөх биш бүр хэрэглэхгүй болгочихсон. Өмнө нь хуулийг өөрчлөхөд бас ч амаргүйн дээр хууль зөрчвөл шоронд явчих гээд байдаг байсан бол одоо Засгийн газрын журам л зөрчөө биз, эрүү үүсгэх шаардлагагүй гэсэн тайлбартай болоод авсан. Нэгэнт ийм тааламжтай эрх зүйн орчин бүрдүүлээд авсан хойно дэд бүтцийн салбарт хийгдэх бүх ажлыг концесс нэрийн дор (эдийн засгийн агуулгаараа дараа төлөгдөх нөхцөлтэй худалдан авалт) хийхээр болсон. Үүнийгээ ч “ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” гэсэн сайхан нэрийн дор цаасан дээр буулгаад УИХ-аар батлуулсан билээ.

Тэгээд цадсангүй дэд бүтцийн салбараас гадна эм авахад зарцуулж байгаа мөнгө мөн л сонирхол татаж байгаа бололтой. Эм худалдан авах гэрээг шууд байгуулах шаардлага байгааг Ерөнхий сайд олж илрүүлсэн байна. Хуулийн өмнөх өөрчлөлтөд ч бас Засгийн газар шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гэсэн байгаа биз. Эхлээд уншихад ёжилж байгаа байлгүй дээ гэмээр ч хууль болоод батлагдчихсан хэрэгжиж байгааг нь харахад гутмаар зүйл шүү. Ямар үед Засгийн газар нь шаардлагатай гэж үзэх юм бэ..?

Эмийн үйлдвэрлэл, худалдааны систем бол авилгалд маш өртөмтгий салбар. Хэт өндөр төвшний технологи шаардсан, нарийн мэргэжлийн үйл ажиллагаа бөгөөд оюуны шингээлт ихтэй байдаг тул бүрэн хяналтад байлгах маш хэцүү. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд эмийн бүтээгдэхүүний судалгаа болон үйлдвэрлэл, худалдааны системийг онцгойлон авч үзэж хянаж байдаг. Зарим тэрсүү үзэлтнүүд дэлхий дээр бий болоод байгаа өвчин, түүний тархалтыг эм үйлдвэрлэгчид хийдэг гэж хүртэл мэтгэдэг. Иймэрхүү хэтийдсэн дүгнэлтийг түр орхиод эмийн үйлдвэрлэл, худалдааны систем нь авилгалд эрсдэл өндөртэй байдаг өөр шалтгаануудыг авч үзье.

Эм бол байнга шаардагдаад байдаг бүтээгдэхүүн биш боловч хэрэгцээтэй болсон үедээ заавал хэрэглэх (хэрэглэхээс өөр аргагүй) өвөрмөц эрэлт бүхий бүтээгдэхүүн юм. Тийм ч учраас эмийн бүтээгдэхүүнийг үнийн мэдрэмжгүй эрэлт буюу хэрэгцээ бий болсон л бол үнэ хамаагүй болчихдог бүтээгдэхүүн гэж үздэг.
НҮБ-ын Хүн Амын Сан бол дэлхий дээрх эмийн бүтээгдэхүүний томоохон худалдан авагчдын нэг. Гэхдээ л тус байгууллага эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын шууд гэрээ байгуулдаггүй. Харин ч тендер зарлан худалдан авахдаа үйлдвэрлэлийн үе шатны хяналтаас эхлээд тээвэрлэлт, хадгалалтын бүхий л нөхцөлийг тусгасан гэрээ байгуулан ажиллаж чаддаг. Тэд байнга тасралтгүй нийлүүлэлт шаарддаг нөхөн үржихүйн эм бэлдмэлээс эхлээд маш богино хугацаанд нийлүүлэх хэрэгтэй болдог гамшгийн үед туслалцаа үзүүлэхэд шаардлагатай тусламжийн зүйлсийг хүртэл тендерээр худалдан авдаг гээд бод доо! Дашрамд дурдахад олон улсын байгууллагын худалдан авалтыг гүйцэтгэдэг ажилтнууд тендерт оролцогчидтой хамт хооллохыг ч ёс зүйн дүрмээр хорьчихсон байдаг юм билээ.

Сүүлийн хэдэн жил улстөрчдийн амнаас тендер бол муу зүйл гэсэн санаа цухалзах нь улам ихсээд баргийн хүнд мууг нь харуулчих жишээнүүдтэй болоод авсан. Энэ нь худалдан авах ажиллагааг муу зохион байгуулж байгаа болон алдаа дутагдал гаргаж буйгаа тендер муу зүйл хэмээн тайлбарлаж байгаа хэрэг юм. Сайн засаглал бий болгох, авилгын эсрэг тэмцэх талаар улиг болтол ярих мөртлөө авилгын шинэ эх үүсвэр бий болгох үүрэг өгч байгааг харин ойлгохгүй байна Ерөнхий сайд аа. Танхимын гишүүндээ өгч байгаа таны үүрэг даалгавраас авилгын үнэр ханхлаад байна.

Маргааш засч залруулахад хэцүү алдаа дагуулсан сонгуулийн мөнгөө босгох уран арга тань хөгжил дэвшилд тэмүүлэн байгаа залуучуудын нуруунд үүрэх ачааг улам нэмж байна. Тийм ч учраас цаг нь ирэхээр ачаа үүрэлцэх залуусын өмнөөс иргэн М.Чимэддорж дээрх үүрэг даалгавраа хүчингүй болгохыг танаас хүсч байгаагаа үүгээр уламжлав.

Судлаач М.ЧИМЭДДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж