Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Уолл шийтгүүллээ

“Вашингтон Визардс” болон “Майами Хит” багийн тоглолтын үеэр болсон маргааны улмаас гурван тоглогч шийтгэл хүлээх болжээ. Маргаан үүсгэсэн рүүки Жон Уолл нэг тоглолтоор шийтгүүлэх бол “Хит”-ийн хоёр тоглогч мөнгөн торгууль хүлээх болсон байна. NBA-ын сагсан бөмбөгийн үйл ажиллагааны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Стю Жэксон өнөөдөр ямар шийтгэл оноож байгааг зарласан аж. Хоёр багийн тоглолтын хоёрдугаар үед маргаан өдөөсөн Уолл нэг тоглолтын шийтгэл, харин “Майами”-гийн ахмад тоглогчид болох Жуван Ховард 35 мянган ам.доллар, Зидрунас Илгаускас 25 мянган ам.долларын торгууль хүлээх болсон юм.

Өөрийг нь нягт хамгаалж байсан Уоллыг Илгаускас санамсаргүй байдлаар хоёр ч удаа тохойдсоноос энэ бүхэн үүдсэн. Харин хор шартай залуу тоглогч тэр дор нь хариуг нь барьсан билээ. Тэр тоглолтын талаар Уолл “Тохойдсон учраас хариу үйлдэл хийсэн. Тийм үйлдэл хийсэндээ харамсч байна. Багийнхнаа доош нь татчихлаа” хэмээн өгүүлжээ.

Энэхүү мөргөлдөөнийг салгах гэж очсон Жавэйл МакГийг түлхсэн Ховард техникийн алдаа авсан бол Уолл, Илгаускас нар хоёр техиникийн алдаа аван талбайгаас хөөгдсөн юм. Талбайг орхин хувцас солих өрөө рүү алхаж байхдаа Уолл хөгжөөн дэмжигчидтэйгээ гар цохиж байгаа харагдсан. Рүүки тоглогч энэ улиралд хоёр дахь удаагаа талбайгаас хөөгдсөн нь энэ. Эхний тохиолдол арванхоёрдугар сарын 4-нд “Орландо Мэжик”-ийн эсрэг хийсэн тоглолтод мөн талбайг орхиж байсан юм. Шийтгэлийнхээ улмаас Уолл баасан гаригт “Кливлэнд”-ийг талбайдаа хүлээн авах тоглолтыг өнжинө.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж