Тогтворжууллын ESM сан бодит болж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Тогтворжууллын ESM сан бодит болж байна

Европыг тогтворжуулах ESM систем байнгын болж байгааг зарлахаар евро бүсийн 17 орны Сангийн сайд нар аравдугаар сарын 8-нд Люксембургт  цуглана. Тэр үед тус сангийн дүрмийн санд 700 тэрбум евро төвлөрсөн байх учиртай юм.
Европын тогтворжуулалтын механизм (ESM) буюу  ESM тогтворжуулалтын сан нь нэг ёсны бүс нутгийн олон улсын валютын сан болж байгаа юм. Зорилго нь евро бүсийн хямралтай орнуудад туслах явдал.  Хөрөнгийн нийт хуримтлал 700 тэрбум евро. ESM санг үүсгэн байгуулагч 17 орон тус бүр 80 тэрбумын шууд татвар өгнө. Үлдсэн нь баталгаа бөгөөд батлан даалтын хөрөнгө юм байна.

Өндөр нөхцөлийн хямд мөнгө

ESM сангаас зээлдүүлэх хөрөнгийн ерөнхий дүн нь 500 тэрбум евро хүртэл байх ёстой. Харьцуулахад, энэ оны Германы төсөв 312,5 тэрбум байна. Сангийн нийт зээлийн хуримтлалд анхны татвар нь багтаж буй юм. Үнэт цаасаа хөрөнгийн зах зээлд байрлуулахад хүндрэлтэй, хямралд өртсөн орнууд тогтворжуулах сангаас хөнгөлөлттэй зээл авч болно. ESM өөрөө хямралтай орнуудын өрийн үүргийг худалдан авч болно. Гэхдээ хямралтай орнууд тусламж авснаар өөрийн санхүүгийн бие даасан байдлаа хэсэгчлэн алдана. ESM нь ОУВС шиг зээл өгөхдөө тус орноос төсвөө эрүүлжүүлэх арга хэмжээ ба санхүү, эдийн засгийн салбартаа шинэчлэл хийх нөхцөлийг чухалчилдаг. Нөгөө талаасаа зээл авсан орнууд нь хэмнэлтийн хатуу арга хэмжээ авахдаа “ESM сангийн шахалтаар” гэж олон нийтэд тайлбарлаж, өөрөөсөө галыг холдуулах боломж авч байна.

Герман хориг тавих эрхтэй

 Клаус Реглинг

ESM санг Германы санхүүгийн шинжээч Клаус Реглинг (Klaus Regling) удирдана. Тэр өнөөг хүртэл түр хугацааны Санхүүгийн тогтвортой байдлын Европын санг  (EFSF) даргалж байна. Зээл олгох, түүний нөхцөлийн талаар сангийн удирдах зөвлөл болох үүсгэн байгуулагч 17 орны Сангийн сайд нар эсвэл тэднийг төлөөлсөн хүмүүс шийдвэр гаргаж байх юм. Сайд нарынх нь саналын жин нь  түүний улсын оруулсан хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогдох ба хөрөнгийн 27 хувийг бүрдүүлэгч Герман бараг шийдвэрт хориг тавих эрхтэй болж байна. Гэхдээ Германы төлөөлөгч санал хураахын өмнө өөрийн орны парламентын дэмжлэг авсан байх ёстой. Үүний зэрэгцээ ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн 2012 оны есдүгээр сарын 12-ны шийдвэрээр Германы хариуцлага, үүрэг нь 190 тэрбум еврогоор хязгаарлагдсан байгаа.

Зөвхөн сан ч биш, бас банк

Долоон зуун тэрбум гэсэн тэр асар их мөнгө евро бүсийн байдлыг санхүүгийн  зах зээлийг урт хугацааны ирээдүйд засч залруулж, тогтворжуулж чадах уу? Энд санаа бодол зөрөлдөөнтэй байгаа. Санд банкны лиценз өгсөн байна. “Зарчмын хувьд ESM нь өөрийн үүргийг биелүүлэхийн тулд нэмэлт хөрөнгийг зах зээл эсвэл банкуудаас олж болно” гэж бундестагийн депутат Патрик Зенсбург (Patrick Sensburg) хэлэв. Гэхдээ бид үүнийг хүсэхгүй, зээлд 500 тэрбум хангалттай гэж тэр тайлбарлажээ.

Bruegel гэх Брюсселийн судалгааны төвийн ажилтан Янис Эммануилидис бол арай өөрөөр бодож байна. Евро бүсийн Итали, Испани мэтийн томоохон орнуудад байдал хүндэрвэл банкны лицензээ ашиглан Европын төв банк мэтийн санхүүгийн байгууллагад сан хандахаас өөр аргагүй хэмээн тэр дүгнэв.

Анхан шатны үйлчилгээний эрх

Хохирол гаргахгүйн тулд байнгын сан байгуулж байгаа орнууд ESM сангийн зээл хамгийн түрүүнд үйлчлүүлэх ёстой гэсэн нөхцөл гаргаад байгаа. Нэг үгээр тэд улсын үнэт цаасны үйлчилгээнээс давуу эрхтэй болж байна. Тэр нь Грек, Итали эсвэл Испанийн үнэт цаасны хүүг бууруулах биш харин өсгөөд хөрөнгө оруулагчдыг үргээж магадгүй талтайг шинжээчид хэлж байгаа. 

Түүгээр ч барахгүй евро бүсийн орнуудын улсын үнэт цаас гаргахдаа хувиар худалдан авагчдын  өрийг цайруулсан нөхцөлд тэдэнд өөрийн шаардлагаа тавих урьдчилсан боломжийг өгч байгаа юм. Тэр нь евро бүсийн улсын үнэт цаасанд гаргах сонирхлыг буулгах аюултай.

Сангийн зөвлөл нь банкуудын яаралтай аврах тохиолдол үүсвэл хэрхэн ажиллах талаар бас шийдэх ёстой болж байна. Мөн Ирландад хууль эрх зүйн эрсдэл гарах магадлал байна. Ирландын парламентын гишүүн Томас Прингл Люсембург дэх Европын шүүхэд хандан өөрийн орныг ESM сангаас хасахыг шаардсан байгаа. Ирландын сан дахь оролцоо маш бага учир түүний гомдлыг авч үзсэн ч тэр нь  ESM сан бодит болж буйд төдийлөн сааад болохгүй.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж