
УИХ-ын эрхэм гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн нар өөрийн сонгогдсон Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй Төрийн ордны А танхимд уулзаж байна. Орон нутгаа төлөөлөн ирсэн сонгогчдын ярьж буйгаас үзвэл сумдын зовлон ижил ажээ. Сум бүрт компьютер, техник хэрэгслийн захиалга өгч байв. Түүнээс гадна сумдын Засаг даргын Тамгын газар гэж их зовлонтой газар байдгийг хэлцгээлээ. Түүнд УИХ, Засгийн газрын гишүүд анхаарах хэрэгтэй байгааг сонгогчид захиж байсан юм. Сумдын Засаг даргын Тамгын газрынхан төрийн алба залгуулах гэж үйлээ үздэг, ихэвчлэн муу хэлүүлэхээс сайн нэр дуулдаггүй, төсөв хөрөнгө тааруу, байр муу, ихэвчлэн 1964-1965 онд баригдсан байруудад толгой хоргоддог, өвөлдөө тэр нь хөлддөг, залуус төрийн алба хаах сэтгэлийн тэнхээ тааруу гэх зэрэг бэрхшээл байдгийг эрхэм гишүүдэд дуулгалаа.
Боловсрол, соёл, хүүхдийн байгууллагын чиглэлээр дээрээс авч байгаа арга хэмжээ харьцангуй сайжирсныг хэлцгээв. Харин мал эмнэлгийн орон тоог нэмэгдүүлэх, малчны хотонд ажиллах бололцоог сайжруулах хэрэгтэй байгаа аж. Мөн сумдын эмнэлэгт өвлийн улиралд хүн хэвтэж эмчлүүлэхэд хүнд, зуух сольж засварлах шаардлагатай байгааг Ө.Энхтүвшин гишүүнд хандаж дуулгалаа. Ц.Даваасүрэн гишүүнээс Дархад зоны түүхийн ном бүтээхэд хандив тусламж хүссэн юм.
Д.ОЮУН