Михаил Баллак зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Михаил Баллак зодог тайллаа

Нэгэн цагт “Германы машинууд”-ыг ахлан талбайд гарч байсан Михаил Баллак хөлбөмбөгийн спортоос зодог тайлж буй тухайгаа зарлаж, албан ёсны мэдэгдэл хийжээ. Тэрбээр “36 насандаа би мэргэжлийн хөлбөмбөгчийн гайхалтай, урт бөгөөд сонирхолтой замналынхаа төгсгөлд ирээд байна. Жаахан байхдаа би энэ тухай мөрөөдөж ч чадахгүй байлаа” хэмээсэн байна. Баллак 1995 онд “Хемниц” клубээс мэргэжлийн карьераа эхлүүлж, залгуулаад “Кайзерслаутерн”, “Байерн Леверкузен”, “Байерн Мюнхен” болон “Челси” багуудад хүчин зүтгэж байсан билээ. Энэ хугацаанд Баллак албан ёсны 585 тоглолтод оролцож, 145 гоол оруулсан байна. Харин шигшээ багтаа 98 тоглолтод 42 гоол оруулжээ.

Тэрбээр “Дэлхийн зэрэглэлийн дасгалжуулагчид, шилдэг тоглогчидтой хамт ажиллаж байсан нь нэр төрийн хэрэг. Мэдээж би 80 мянган үзэгчдийн өмнө тоглож, гоол оруулах тэр гайхалтай мөчийг үгүйлэх нь гарцаагүй” хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.

Михаил Баллак Бундеслигийн цомыг дөрвөнтөө хүртэж, Германы цомын тэмцээнд гурван удаа түрүүлснээс гадна Английн Премьер лиг болоод Холбооны цомын тэмцээнд түрүүлж байсан юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж