Бахрейнд оршуулгын үеэр мөргөлдөөн гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Бахрейнд оршуулгын үеэр мөргөлдөөн гарчээ

Бахрейнд амиа алдсан 23 настай Мухаммед Мушайма гэдэг залуугийн оршуулгын ёслолын үеэр цагдаа нар болон хүмүүсийн хооронд мөргөлдөөн гарсан байна. Мухаммед Мушаймаг оршуулах ёслолд оролцогч олон тооны иргэд түүний авсыг барин гудамжаар жагсч явсан бөгөөд энэ үеэр хэсэг хүмүүс  цагдаа нар руу чулуу шидсэнээс мөргөлдөөн гарчээ.  Цагдаа нар уурлаж бухимдсан хүмүүсийг тараахын тулд усан буу ашигласан байна. 

Талийгаач Мушайма өнгөрсөн удаад болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсоныхоо төлөө баривчлагдсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард шүүхээс түүнд бүдүүлэг авир гаргаж, цагдаагийн ажилтанд халдсан, баривчилгаанд саад учруулсан  хэргээр долоон жилийн хорих ял оноожээ. Харин тэрбээр өнөө өглөө гэнэт нас барсан ба шүүхийн шинжээчид түүнийг цус багадалт өвчний улмаас нас барсан гэж тогтоожээ.
Бахрейны сөрөг хүчний “аль-Вефак” намаас Мухаммед Мушаймад эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзсанаас болж, амиа алдсан гэж мэдэгджээ. Харин Засгийн газраас үүнийг үгүйсгэж, түүнийг хоригдож байх хугацаандаа эмнэлгийн тусламж авч байсан гэж мэдэгдсэн байна. Бахрейнд өнгөрсөн хоёрдугаар сараас Арабын хавар хувьсгалын нөлөөгөөр эзэн хаан Хамад ибн Иса аль-Халифаг эсэргүүцсэн эсэргүүцлийн ихээр хөдөлгөөн гарах болжээ.

Орчуулсан: Б.АHХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж