Хүнсний аюулгүй байдлыг шат бүхэндээ сахих ёстой

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Хүнсний аюулгүй байдлыг шат бүхэндээ сахих ёстой

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Хүнсний тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцэн дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Монголд тулгамдаад буй хамгийн гол асуудлын нэг нь хүнсний аюулгүй байдал болсон. Иймд Д.Тэрбишдагва нарын гишүүд өмнөх УИХ-ын үед дээрх хуулиудын төслийг өргөн мэдүүлсэн ч дөнгөж хэлэлцэж эхлээд бүрэн эрх нь өндөрлөж байсан юм. Тиймд шинэ УИХ-аар ийнхүү хэлэлцүүлэхээр болжээ.

Нэг үе хянаж, сонгож идэх бүү хэл давс, гоймонгоос өөр хоолны хольцгүй болоод байсан монголчууд өдгөө гадаад, дотоодын түмэн зүйл хүнс хэрэглэх болсон. Эндээс аюулгүй байдлын асуудал гарч ирсэн. Гадаадаас оруулж ирдэг бүү хэл дотооддоо үйдвэрлэж буй мах, сүү, хүнсний ногоонд шинжилгээ хийхэд тал хувь нь эрсдэлтэй гэсэн дүгнэлт ч гарч байжээ. Иймээс дээрх хуулиудыг нэн даруй хэлэлцэн батлах нь зүйтэй гэж гишүүд үзэж байлаа. Монгол хүн эрүүл орчинд эрүүл аж төрөх эрхтэй ч хүнснээсээ эхлээд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах сэдэв олон болсныг гишүүд онцолж байв.

Хууль санаачлагч эрхэм гишүүн Д.Тэрбишдагва “Хүнсний аюулгүй байдлыг эцсийн бүтээгдэхүүн болсон хойно нь бус шат шатанд нь сахих ёстой. Малд ямар вакцин, ямар тарилгыг хэзээ хийсэн, хүнсний ногоонд ямар бордоо хэрэглэснийг тухай бүрт нь бүртгэж байх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд үүнд анхаарч байх учиртай”  гэж байлаа. Байнгын хорооноос дэмжлэг авсан уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж