
Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл яг одоо Шадар сайд М.Энхболдын өрөөнд хуралдаж байна. Тус хуралдаанаар өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан тогтоолын дагуух төлөвлөгөөг авч хэлэлцэж буй юм. Төлөвлөгөөнд тусгаснаар Улаанбаатар хот болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн газар хөдлөлийн бичил зургийг гаргах ажлыг энэ онд багтаан гүйцэтгэх, дээрх ажлыг Одон орон геофизикийн хүрээлэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгажээ. Мөн нийслэлийн хэмжээн дэх нийтийн эзэмшлийн орон сууц, үйлдвэр үйлчилгээний газрууд хэдэн баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадалтай байна вэ гэдгийг нэгбүрчлэн гаргаж, паспортжуулах. Ингэхдээ 2012 онд багтаан нийт барилга байгууламжийн 40 хувийг паспортжуулахаар заажээ. Түүнчлэн хүн амьдрах боломжгүйг Мэргэжлийн байгууллагуудаас тогтоосон хуучин барилгуудыг нурааж, шинээр барих ажлыг 2013 он хүртэлх хугацаанд гүйцэтгэх. Ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт гамшгаас урьдчилан сэргийлэх хичээлийг багтаан оруулах. Энэ чиглэлээр хөтөлбөр боловсруулах. Хямралт байдлын үеийн хуулийн төсөл боловсруулах. Гамшгийн үед 100 мянган хүнийг хүнсээр хангах нөөцтэй байх. Нөөцийг одооноос эхлэн бүрдүүлэх. Дундговь, Сэлэнгэ, Баянхонгор аймагт газар хөдлөлийн чичирхийллийг илрүүлэх төхөөрөмж байршуулах зэрэг нийт 32 асуудлыг оруулжээ.
Г.Дарь