
Засаг дарга уулзалтын үеэр "Өнөөдрийн байдлаар 43 барилга дахин шалгагдаж байгаа. 13 барилга стандарт хэтрүүлсэн. Зөвшөөрлийн ямар нэгэн зөрчилгүй 4 барилга байна. Зөрчил үүсгэсэн хувь хүн албан байгууллагыг зохих журмын дагуу арга хэмжээ аваад явна. Гэхдээ энэ салбарынхныг хааж боож байгаа зүйл бус гагцхүү стандартаа мөрдөөд явахыг л үндсэн хуулийн зүйл заалт ёсоор шаардана. Барилгын салбарынхны зовлон бэрхшээлийг сайтар ойлгож байна. Бид гол нь ойлголцолд хүрэх ёстой. Барилга барих зөвшөөрөл авахын тулд 82 гарын үсэг цуглуулж, 179 хоног хөөцөлддөг журмыг өөрчилж, үнэхээр зайлшгүй улсын онцгой бүсэд хамаарах, тухайн салбарын яамнаас зайлшгүй зөвшөөрөл авах ёстой гэсэн тодорхойлолттой газрыг, журмаар нь явуулна. Бусдаар бол асуудлыг тулгарч буй эрсдэлтэйн холбож явах нь зөв" гэдгийг онцолсон юм.
Тэрбээр мөн "Өнөөдрийн энэ байдал та бүхэнд ч биш тогтолцоонд байгааг бид мэдэж байгаа. Цаашид барилга барих зөвшөөрлийг нэг цонхоор шийддэг болно. Ямар нэгэн дарга албан тушаалтны оролцоог багасгана. Төр өөрөө үйлчилгээний байгууллага тул төрийн байгууллагууд нь таны нэрийн өмнөөс хөөцөлдөж өгөх болно. Барилгын салбарынханы хувьд өнөөдөр нийслэлд төр солигдож, шинэ хэмнэл, шинэ бодлогоор явж эхэлж байгааг нийслэлийн иргэд бүгд харж байна. Гэхдээ 1990 оноос л ингэж эхэлсэн бол бүх зүйл өдийд хэл ам багатай байх байлаа. Гэтэл өнөөдрийг хүрчихээд гэнэт ийм шийдвэр гаргаж байгаа нь, асуудлыг зохицох талаас хараач ээ гэж хүсэлт тавихад хүрч байна. Нэг талаар барилгын салбарынхан буруутай ч нөгөө талаар тухайн орон тоон дээр ажиллаж байгаа хувь хүний хариуцлагын асуудал ч хөндөгдөнө. Үнэ өсөж байгаа нь эрэлт нийлүүлэлтийн хуулиа дагаж байгаа. Гэтэл Монгол улс Ардчилсан эрх чөлөөт, зах зээлийн нийгэмд шилжсэн мөртлөө энэ салбарын үнийн дүнд хязгаар тогтоох гээд байгаа нь хир зөв бэ? Үнэхээр бидний хувьд бүхий л талаараа та бүхний ажлыг дэмжих хамтран ажиллах сонирхол өндөр байна. Бид шинэ Улаанбаатарын төсөл, давхар зам, гэр хорооллын инженерийн шугам, хиймэл нуур байгуулах гээд олон төсөл санал болгож болж байна. Нөгөөтэйгүүр байрны үнийн дүнд нөлөөлж байгаа барилгын материалын бөөний нэгдсэн төв Парк байгуулж болох асуудлыг тавьж болж байна. Бид шинэчлэлийг дэмжиж байна. Гэхдээ барилга барихын тулд хүч хөдөлмөр хөрөнгө мөнгөө гаргаад бүхий амьдралаа л зориулж байгаа энэ салбарыг битгий гэдсээр нь мөлхүүлээрэй" гэдгийг захив.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлж эхлэх гэж буй чухал шийдвэрүүдийн нэг нь дээр дурьдагдсан барилга барих зөвшөөрөл авдаг үйл явц юм. Одоо мөрдөж байгаа журмаар бол барилга барих зөвшөөрөл авахын тулд 82 гарын үсэг цуглуулж, 180 орчим өдөр
хөөцөлдөх шаардлагатай болдог. Тэгвэл нийслэлийн Засаг даргын шинэ төлөвлөгөөгөөр бол зайлшгүй улсын онцгой бүсэд хамаарах,
тухайн салбарын яамнаас зайлшгүй зөвшөөрөл авах ёстой гэсэн
тодорхойлолттой газрыг, журмаар нь явуулж, цаашид барилга барих зөвшөөрлийг нэг цонхоор шийддэг
болох аж. Энэ нь ямар нэгэн дарга албан тушаалтны оролцоог багасгаж, төр өөрөө
таны нэрийн өмнөөс
хөөцөлдөж өгөх боломж бүрдэх ажээ. Нэг үгээр хэлбэл, төрийн байгууллага үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа төрийн албан
хаагч барилгын зөвшөөрлийг тодорхой заасан хугацаанд таны өмнөөс
хөөцөлдөнө гэсэн үг юм.
Үүнийг барилгын салбарын тогтолцоог өөрчлөх томоохон алхам хэмээн үзэх хүн олон бий.