
Үүний үр дүнд монгол гэр, шүдэнз, лааны үнэ нэмэгдэж, малаа зарах малчин олширч, энэ талаар анхааруулах гол үүргийг гүйцэтгэж буй “Орифлейм”-ын Оюунгэрэлийн “рейтинг” өссөн бололтой. Түүний өглөөний шууд нэвтрүүлгээр ярьсан “Цаг маш бага үлдсэн. Ердөө 83 хоног. Далай тэнгисийн ус 90 хэм босч ирээд хуурай газар руу асгарна. Энэ Япон, Гонконг, Сингапур алга болно. Европт л гээд байгаа юм, их хүйтэн мөсөн тив үүснэ. 80 цаг харанхуй нөмөрнө. Цахилгаан, холбоо, гар утас, тээвэр юу ч ажиллахгүй. Соронзон туйл өөрчлөгдөхөөр наадуул чинь ажиллахгүй” гэх зэргээр багагүй хугацаанд үргэлжилсэн ярианы үр дүн ч гарсан бололтой. 2000 онд БНН-аас, 2012 онд МАХН-аас УИХ-д нэр дэвшээд ялагдсан түүний үг “Орифлейм”-ын бий болгосон сүлжээгээр тарж, номных нь борлуулалт ч нэмэгдсэн гэнэ. Ядруухан хөтөлбөртэй телевиз, сенсаац олоогүй тааруухан сэтгүүлчид үүнийг нь мэдээлэл болгон дамжуулж зурагтаар гарсан бүхнийг үнэн гэж боддог хүмүүсийн ярианы сэдэв болов.
“Анх сонсоход тоомгүй, ахин дахин, таньж мэддэг, итгэж найддаг хүмүүсээс удаа дараа сонсоод ирэхээр итгэчихсэн, өөр нэгэнд ярьчихсан явсан” гэж цуурхал тараахад оролцсон нэгэн ярих аж. “Худал үг хурдан ч үнэнд гүйцэгддэг” гэж үг бий. Хэрэв энэ үнэн бол шинжлэх ухааны нотолгоо тайлбар, цаг хугацааны шалгуурт хэн худал ярьж, хэн үүнээс хожсон гэдэг нь тодорхой болно. Цуурхлын араас нэгэн зүйл хүчээ авч байгаа нь үүнд бухимдсан иргэдийн эгдүүцэл. Хэрэв дэлхийд асуудалд нүүрлэхгүй бол цуурхал тараагчид, үүнээс завшигчдын хувьд тухайн өдөр асуудал нүүрлэх учиртай. “Гаригууд нэг шугам дээр давхцах үзэгдэл цөөн хэдэн жилийн давтамжтайгаар тохиолддог ердийн үзэгдэл. Дунд сургуулийн жаахан хүүхэд ч Буд, Сугар гаригууд нарны гэрэл хаахаар том биш гэдгийг мэднэ. Худал цуурхал тарааж, нийгмийг эмх замбараагүй байдалд түлхэх нь хуулийн хариуцлагатай шүү” гэх анхааруулга цуурхлын араас нэхсээр.