Ц.Элбэгдорж: С.Зоригийн хэрэг заавал илрэх ёстой

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: С.Зоригийн хэрэг заавал илрэх ёстой

Өнөөдөр ардчиллын алтан хараацай С.Зориг агсан 14 жилийн өмнө бусдын гар аймшигтайгаар амь насаа алдсан өдөр. Энэ өдөр түүний гэр бүлийнхэн, найз нөхөд, ардчиллын анхдагчид С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлж, түүнийг эргэн дурсаж, аймшигт хэргийг илрүүлэхийг шаардсаар ирсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцгийн баглаа өргөн барьсан юм. Тэрбээр “Жил бүрийн энэ өдөр буюу С.Зоригийн амь насыг харгисаар хөнөөсөн өдөр анд нөхөд, гэр бүлийнхэн, ах дүү, найз нөхөд нь гээд олон хүмүүс энэ хөшөөг зорин ирж, түүнд хүндэтгэл үзүүлдэг. Энд бас нэг зүйлийг хэлэх нь зөв байх гэж бодож байна. С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн энэ хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэх ёстой гэсэн байр суурийг би байнга баримталдаг. Жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотой асуудлыг авч сонссон байгаа. Ерөнхийлөгч болоод энэ асуудалд анхаарч эхэлсэн. Ер нь энэ хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ажлын хэсгийн ажил сайн явж өгөхгүй байгаа тухай ажлын хэсгийн зүгээс надад хандаж, тодорхой санал, хүсэлтүүд тавьсан. Яг жилийн өмнө Улсын ерөнхий прокурорын сонсголыг сонссон. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг анхнаас нь шалгаж байгаа ажлын хэсгийн хүмүүсийн санал, дүгнэлтийг сонссон байгаа. УИХ-ын тодорхой байгууллагуудын зүгээс хийх шаардлагатай ажлууд болон Засгийн газрын тодорхой байгууллагуудын зүгээс үүнд анхаарах зайлшгүй шаардлага бий. Мөн хууль, хяналтын үйл ажиллагааг нэгтгэн удирдаж, ажиллах шаардлагатай байгаа. Яг жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ хэргийг шалгахтай холбоотой маш тодорхой асуудлаар хамгийн дээд шийдвэрийг бид гаргасан байгаа. Энэ чиглэлээр хийх, шалгах ажлууд байгаа. Өмнө нь энэ ажлын хэсгийн үйл ажиллагаа нэлээд саармагжсан санаатай болон санаандгүй байдлаар хэрэг дээр эхнээс нь ажиллаж байсан хүмүүсийг өөр тийш нь томилж, шилжүүлсэн ажлын хэсгийн зүгээс тавьж байгаа санхүүгийн болон бусад шалгах шаардлагатай асуудлууд дээр хойрго хандсан зүйлүүд байсан. Одоо бол энэ бүх зүйлийг аюулгүйн зөвлөлийн хурлын хүрээнд жилийн өмнө сонсож, энэ зүйлүүдийг цэгцэлсэн байгаа. Энэ хэргийг шалгах үйл ажиллагаанд ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа өнөөдөр бас хэлэх нь зөв байх гэж бодож байна” гэв.


УИХ-ын гишүүн С.Оюун:

-Аравдугаар сарын 2-нд бид жил бүр ахыгаа дурсдаг. Ах маань улс орноо гэсэн сэтгэлтэй, ардчилалын гол лидер хүмүүсийн нэг байсан. Ийм хүмүүс олноороо Монголын улс төрд байгаасай гэж бид хүлээж явдаг. Энэ хэргийг илрүүлэхийн төлөө олон жил явж байна гэж байгаа боловч, ерөөсөө үр дүн нь гараагүй. Гэр бүлийнхнийх нь хувьд хэцүү байдаг. Гэсэн ч бидний найдлага тасраагүй ээ. Илэрнэ, илрэх ёстой л гэж бодсон хэвээрээ. Ажлын хэсгийнхэн одоо ч гэсэн ажилласан хэвээрээ байгаа. Өнгөрсөн оны есдүгээр сард ерөнхийлөгч Аюулгүйн зөвлөл дээр хэргийн талаар сонсоод, нэлээд хэлэн арга хэмжээ авах асуудлыг шийдэж өгсөн байдаг. Бид найдаж байна.

-Ар гэрийнхэн нь хэргийг илрүүлэх зорилготой Ажлын хэсгийн хүмүүстэй хэр холбоотой байдаг вэ?

-Ажлын хэсэгтэй уулзаж, явцын талаар асуудаг. Гэхдээ мэдээж мөрдөн байцаалтын нарийн явцыг хэлэх боломжгүй л дээ.

-Шинэ засаг гарах бүрт таны ахын хэргийг илрүүлнэ гэж ярьдаг. Гэтэл одоог хүртэл зөвхөн түүний хөшөөнд цэцэг өргөсөөр ирлээ. Та гомдолтой байдаггүй гэж үү?

-Харамсаж явдаг. Улс төрчид эхнээсээ зайгаа барьчихсан шүү дээ. “Улс төрийн хүсэл зориг байгаагүйгээс болоод энэ хэрэг илрэхгүй байна” гэсэн байр суурийг би удаа дараа илэрхийлж байсан. Нэг хэсэг бүр хэргийг түтгэлзүүлнэ гэсэн яриа ч сонстож байсан. Харин өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч илүү анхаарал тавьж байгаа болохоор одоо энэ хэргийг мөрдөх ажил зогсохгүй байх. Ажлын хэсэг хэргийг илрүүлтлээ л явах ёстой л гэсэн байр суурьтай байгаа, би.

-Хэргийн илрүүлэлт дээр гэр бүлийнхэн нь оролцох хуулийн ямар зохицуулалт байдаг бол?

-Ямар ч зохицуулалт байхгүй. Илрүүлэх эрх бөгөөд үүрэг нь хүчний байгууллагуудад байгаа. Бидэнд хувийн мөрдөн байцаагч хүртэл авах эрх байхгүй шүү дээ. Манайд тийм хуулийн зохицуулалт байдаггүй. Бид эхэндээ төр, засгийн тэргүүнүүдэд нээлттэй захидал явуулдаг байлаа. Олон мянган гарын үсэг цуглуулж, түүнийгээ хүргэж өгдөг байан. Их хурал дээр Ажлын хэсэг байгуулах санал тавьж, Олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж ч байсан. Сүүлийн арав гаруй жил бид тасралтгүй л санаа тавьж ирсэн. Одоо бол хаашаа, хэнд хандах вэ гэдэгтээ ч эргэлздэг болсон. 

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:

-Энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаад би хамгийн их харамсаж явдаг. Найз нөхрийн хувьд хэлэхэд, С.Зориг маань өнөөдрийн эрх чөлөөтэй, ардчилсан Монгол Улсыг бий болгох эхлэлийг тавьсан хүн. С.Зориг удирдсан учраас олон түмнээс өргөн дэмжлэг авч, ардчилсан үйл явц эхэлсэн юм аа гэдгийг би зориуд тэмдэглэж хэлмээр байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж