Өнгөрсөн арван жилийн хугацаанд алтны үнэ 230 хувиар өсчээ. Энэ үеийг дэлхийн алтны зах зээлийн түүхэн дэх үнийн хоёр дахь “ралли” хэмээн шинжээчид тодорхойлдог. 2000 онд нэг унци алтны дундаж үнэ 200 ам.доллар байв. 2011 оны есдүгээр сард алтны үнэ 1920 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон юм. Гэвч мөн оны арваннэгдүгээр сараас эхлэн буурсаар 2012 оны гуравдугаар сард 1500 ам.долларт хүрсэн билээ.
Одоогоор Хятад нь алтыг хамгийн их хэмжээгээр худалдан авч байгаа улс. Энэхүү худалдан авалт нь дэлхийн зах зээл дэх алтны үнийг хөөрөгдөх нэг том хүчин зүйл болоод байгаа юм. Тус улс нь алтны нөөцөө асар ихээр нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа. Тодруулбал, юанийг дэлхийн валют болгох алсын зорилготойгоос гадна алтны нөөцийн хэмжээгээ зургаа дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй. Хятадын алтны нөөцийн хэмжээ 1054 тонн бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд зургадугаарт орж байна.
Э. Од