Монголчуудын ”Мерседес” бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Монголчуудын ”Мерседес” бэлэн болжээ

Энэ тухай материалыг Оросын Аmobil.ru сайтад тавьжээ. Зөвхөн энэ сайт ч бус гадаадын өөр бусад цахим хэвлэлүүдэд энэ талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд дуулиан тарьж байна. Ашигт малтмалын арвин нөөцтэй Монголын баячуудын тансаг хэрэглээ гадныхны анхаарлыг татаад эхэлжээ.

Аmobil.ru сайтад бичсэнээр ХБНГУ-ын Mersedes-Benz компани дээд ангиллын, хээрийн зориулалттай хоёр ширхэг Zetros 2733 машиныг Монголын олигархиудад зориулан дөнгөж сая угсарч эздэд нь гардуулсан байна. Асар том энэ машин дотроо хэд хэдэн тансаг тасалгаатай. Дороосоо халдаг шал, буйдан, зурагт, интернэт гээд дутуу юмгүй. Техникийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан люкс ангиллаар угсарсан энэ машиныг олноор үйлдвэрлэхгүй гэнэ. Учир нь Монголын дээд зиндааны бизнесмэн хэрэглэгчдийн тусгай захиалгаар зөвхөн тэдэнд зориулж угсарсан хөлгүүд ажээ.

Уг машиныг дугуйтай зочид буудал гэж нэрлэж болохоор. Навигацийн систем, утасгүй Wi-Fi интернэт, хиймэл дагуулын холбоо, дизель генератор, иж бүрэн мультимедиа, аудиосистем гээд дутуу төхөөрөмж бараг үгүй. Унтлагын болон зочдын өрөөнд нь шингэн дэлгэцтэй 46 инчийн зурагт хоёрыг байрлуулжээ. Зочдын өрөөндөө эвхэгддэг буйдантай, унтлагын өрөөндөө тансаг ор, сейфтэй, гал зуухандаа богино долгионы зуух, хөргөгч, аяга таваг угаах угаалгын хэсэгтэй. Угаалгын өрөөг нь гантиг шал, ханаар чимэглэжээ. Люкс ангиллын машины капот дор 7,2 литрийн багтаамжтай салаа зургаан цилиндертэй 326 морины хүчин чадалтай хөдөлгүүр байрлуулжээ. Нийт 27 тонн жинтэй уг машины дээд хурд нь 89 км/цаг, 16 тоннын даацтай юм байна. Монголын пиво, нүүрсний үйлдвэрийн эзэн хоёр олигархи уг захиалгыг өгсөн гэж сайтад дурдсан байна. Машины эзэд УИХ-ын гишүүд байх магадлалтай ажээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж