Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавина

Монгол Улсад дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, цаашид буурахгүй өсөх хандлагатай байна. 2005 онд 2700 орчим тонн тэсрэх бодис, 13400 тонн аммиакийн шүү, 18308000 ширхэг тэсэлгээний хэрэгсэл /асаагуур, бялт зэрэг/ оруулж байсан бол  2008 онд 2860 гаруй тонн тэсрэх бодис, 167000 тонн аммиакийн шүүг импортоор оруулж ирсэн байна.
Зөвхөн 2004-2009 онд дэлбэрэлтэд өртөж нас барсан, гэмтсэн, дэлбэрэх бодистой буруу харьцсан, тэсэрч, дэлбэрэх бодис хулгайлсан, дээрэмдсэн, хүч хэрэглэн булаан авсан, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн эсрэг зориудаар хэрэглэсэн, хууль бусаар борлуулсан, улсын хилээр хууль бусаар оруулахыг завдсан 32 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд илрээгүй нуугдмал гэмт хэргүүдийг тодорхойлох боломжгүй байна.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Жекей, Ц.Шинэбаяр, З.Энхболд нар санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн бариад байгаа. Уг хуулийн төслийг хэлэлцэж баталснаар дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлттэй холбоотой эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, тэдгээрийн эргэлтэд тавих төрийн хяналт, бүртгэл тооцоо, судалгаа, мэдээлэл солилцох үйл ажиллагаа сайжран, түүнтэй холбоотой гэмт хэрэг, захиргааны зөрчил, хууль бус ашиглалт, “террорист” ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж