
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашдын хамтын ажиллагаа болон ойрын ирээдүйд хэрэгжүүлэх дээд, өндөр хэмжээний айлчлал, арга хэмжээний талаар ярилцлаа.
Мөн Европын холбооны хүрээнд хамтран ажиллах, Монгол, Литвийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулах, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол оюутнуудыг Литвийн их, дээд сургуулиудад сургах боломжийн талаар санал солилцсон байна.
Литва улс 2011 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлж байгаатай холбогдуулан энэхүү байгууллагын хүрээнд хоёр тал хамтран ажиллах асуудлаар ярилцахын зэрэгцээ олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов.
Монгол Улс ирэх долдугаар сарын 1-нээс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн даргаллыг Литва улсаас хүлээн авах гэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар зөвлөлдөх уулзалтын хүрээнд Литва улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах асуудлыг хариуцсан Тусгай үүрэгт Элчин сайд Ина Марчүлионитетэй мөн уулзжээ.