БНСУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

БНСУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ро-г 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Элчин сайд Ли Тэ Ро Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсонд  нь баяр хүргэн амжилт хүсээд цаашид Монгол, БНСУ-ын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс тус ЭСЯ БНСУ-ын виз авахад шаардлагатай баримт бичгийн тоог цөөрүүлэх, виз олгох хугацааг багасгаж ажлын долоон өдөр олгох зэргээр тодорхой ажлуудыг 10 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа.

Харин Дэд сайд Д.Ганхуяг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Засгийн газар хоорондын хамтарсан комисс байгуулахын чухлыг тэмдэглэв. Мөн хоёр орон бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж ирсэн уламжлалтай бөгөөд цаашид бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаар БНСУ-тай үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгааг дурьдав.

Уулзалтын төгсгөлд Дэд сайд визийн нөхцлийг хөнгөвчлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 10 дугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр болох гэж байгаатай холбогдуулан ГХЯ-ны Консулын газар, БНСУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн удирдлагын түвшинд виз олгох журмын талаар ажил хэргийн уулзалт зохион байгуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж