Мандал сумынхан шагнууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Мандал сумынхан шагнууллаа

Монгол Улсын Засгийн газар энэ жилээс эхлэн хоёр жил тутам “Улсын тэргүүний сум”-ыг шалгаруулахаар болсон. Энэ жилийн “Улсын тэргүүний сум”-аар Булган аймгийн Сэлэнгэ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Дарви сумыг шалгаруулж тус бүр 100 сая төгрөгөөр шагнахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн юм.

Энэ дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан өнөөдөр “Улсын тэргүүний сум”-ын шагналаа хамгийн түрүүн хүлээн авлаа. Шагналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар орон нутагт нь очиж гардууллаа. Сангийн сайд хэлэхдээ “Энэхүү нэр хүндтэй шагнал бол Мандал сумын ажилсаг ард түмний хичээл зүтгэл, ажил хөдөлмөрийн үр шим, орон нутгийн удирдлагын тэр дундаа сумын Засаг дарга Б.Цээпилдоржийн зөв менежмент, зөв удирдлага, та бүхний хамтын хүчин чармайлт юм. Мандал суманд бүтээн байгуулалт үргэлж өрнөж, ажил хөдөлмөр үргэлж буцалж байдаг. Монгол Улсыг хамарсан эдийн засгийн хямралын үед ч энд том том бүтээн байгуулалтууд өрнөж байсныг хэлэхэд бахархалтай байдаг гээд удахгүй та бүхэн аймгийн хэмжээний бие даасан статустай хот, цаашлаад улсын хэмжээний бие даасан хот болон өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Мөн энэ үеэр сайд нар болон сумын удирдлагууд Мандал сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт баригдах 560 хүүхдийн суудалтай сургуулийн хичээлийн байрны шавыг тавих ёслолд оролцлоо.

Мандал сумын хувьд Зүүнхараа хот, Мандал сум, Түнхэл хороог нэгтгэн 1994 онд Мандал сум болгон өргөтгөсөн байна. Ингэснээр засаг захиргааны есөн  баг, 6652 өрх, 25175 хүн амтай Монгол Улсын хамгийн том сум болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж