
“Монгол кино” нэгдлийн захирал Солонго оролцогч найруулагчдын сэтгэлгээ ядмагхан санагдаж байгаагаа ч нуулгүй хэлж байлаа. Тэрбээр энэ удаагийн шалгаруулалтын туршид хүчтэй шүүмж хэлэн найруулагч нарт харамгүй зөвлөгөөгөө өглөө. Энэ удаад хамгийн сайн нэг баг шалгаран ивээн тэтгэгчийн шагналыг хүртэж, хамгийн муу нэг баг хасагдан тэмцээнийг орхих байсан ч шүүгчээр ажиллаж байгаа “Монгол Кино” нэгдэл, Кино урлагийн Дээд Сургуулийн захирал Ж.Солонго, оператор найруулагч Г.Маш, Холливуудын зохиолч, найруулагч Патрик Макманус нар даалгаврыг багууд ижил төвшинд гүйцэтгэсэн гэж үзэн хамгийн, хамгийныг шалгаруулсангүй.
Харин дараагийн шатанд хамгийн муу хоёр багийг хасахаар болж, найруулагч нарт гэрийн даалгаврыг танилцууллаа. Энэ долоо хоногийн даалгаварт хошин төрлөөр гурван минутанд багтаан зохиомж хийх болов.
Энэ удаад “Ticket to Hollywood” шоуны оролцогч “Red line” студийн найруулагч Б.Өсөхбаяртай уулзлаа.
-Найруулагч мэргэжлийг яагаад сонгосон бэ?
-Анх рекламны чиглэлээр суралцаж төгсөөд “ST” студид орж ажиллан сонирхлынхоо дагуу реклам дээр ажилласан. Тус студийн найруулагч Амарсанаа ах анх найруулагч хий гэж зөвлөдөг байсан. Анх клип найруулаад ахиж найруулагчаар ажиллахгүй гэсэн ч энэ мэргэжилд татагдан орсон доо. Их дуртай /инээв/
-Шоунд оролцох болсон хамгийн том зорилго?
-Энэ чиглэлээр ажилалгүй дөрвөн жил болсон. Ер нь өрсөлдье, өөр хүмүүс ямар хэмжээнд байна, өөрийгөө хаана нь явна, юу хийж болмоор байна гэдгээ мэдэх гэж оролцсон.
-Та гадаадад байж байгаад ирсэн юм уу? Танай багийг энэ шоунд оролцох гэж баг бүрдүүлж өрсөлдөж байгаа гэсэн
-Гадаадад байсан. Уг нь ирээд студи байгуулна гэж бодож байсан ч арай болоогүй байсан. Яг ийм шоу болж байна гэж мэдэнгүүтээ ямар ч бэлтгэлгүй байж байгаад л зориглон хоёр гуравхан хоногт техник хэрэгсэл, хүмүүсээ бүрдүүлээд оролцсон.
-Холливуудын кинонуудаас хамгийх үзэх дуртай кино?
-“Сувдан эрэг”
-Холливуудын найруулагчдаас хэнийг шүтэж, үлгэр дууриалаа болгодог вэ?
-Стивен Спилберг
-Энэ шоунд таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
-Бүгд
-Таны мөрөөдөл юу вэ?
-Миний мөрөөдөл хязгааргүй.
-Шүүгчдийн талаар ямар бодолтой байна?
-Шүүгчид бөөрөнхий байна.
-Багийнхаа хамгийн, хамгийныг нэрлэвэл?
-Манай багийн гурван гишүүн бүгд л хамгийн, хамгийн хүмүүс.
-Даалгавар ямар санагдаж байна? Ямар сэдвээр хийх вэ? Инээдмийн төрөл гэхээр хэр санагдаж байна?
-Хэцүү даалгавар байна. Хүн инээлгэнэ гэдэг тийм ч амар биш ээ. Багаараа ярилцаж байгаад л хийнэ дээ. Одоохондоо сэдвээ сонгоогүй л байна. Гэхдээ сайн бүтээл хийнэ ээ.
-Танай багт амжилт хүсье
Г.Даша