Хятадын дотоодын төмрийн хүдрийн үнэ өсч байна

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Хятадын дотоодын төмрийн хүдрийн үнэ өсч байна

Хятадын ган, төмрийн холбооны гаргадаг Хятадын төмрийн хүдрийн үнийн индекс (CIOPI) энэ сарын гурав дахь долоо хоногийн байдлаар /09.16-22-ны өдөр/ бага зэрэг буюу 0.04 нэгжээр өсч 358.37 болжээ. Уг индексийн энэхүү өсөлтөд дотоодоос нийлүүлж буй төмрийн хүдрийн үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Харин Хятадад импортын төмрийн хүдрийн үнэ буурсаар байгаа ажээ. Дотоодын төмрийн хүдрийн индекс (62 хувийн агуулга бүхий баяжмал эсвэл хүдэр) өнгөрсөн долоо хоногийн байдлаар 8.04 нэгжээр өсч, өмнөх долоо хоногтойгоо харьцуулахад 325.41 болж үзүүлэлт нь нэмэгджээ.

Дотоодын уурхайгаас нийлүүлж буй төмрийн хүдрийн дундаж үнэ энэ хугацаанд 20.67 юань/тонн буюу 2.5 хувиар өсч 837.33 юань/тонн болжээ. Түүнчлэн энэ хугацаанд импортын төмрийн хүдрийн индекс 4.31 нэгжээр буурч үзүүлэлт нь 376.36-д хүрчээ. Импортын төмрийн хүдрийн CFR нөхцөлтэй үнэ 101.65 ам.доллар/тонн байсан нь 1.1 хувиар буурсан дүн юм. Харин 62 хувийн агуулга бүхий баяжмалын CFR үнэ 106-107 амм.доллар/тонн байжээ. Одоогийн байдлаар төмрийн хүдрийн үнэ энэ сарын эхээр уг түүхий эдийн үнэ харьцангуй өсөлттэй байсантай харьцуулахад огт өсөлтгүй гэж үзэж болохуйц байна.  Судалгааны байгууллагууд цаашид төмрийн хүдрийн дэлхийн зах зээл дэх дундаж үнэ ойролцоогоор 120 ам.доллар/тонн байна гэж үзэж буй юм.

Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Хятадын төмрийн хүдрийн Австралиас эх үүсвэр бүхий импорт өмнөх долдугаар сарынхтай харьцуулахад 25.43 хувиар өсч, 31.8 сая тонн болжээ. Харин манай улсаас тус улс өнгөрсөн наймдугаар сард 923.7 мянган тонн төмрийн хүдэр импортолсон гэж Интерфакс мэдээлжээ. Монголын төмрийн хүдрийн экспортын уг дүн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад бараг 40 хувь, өмнөх сарынхаасаа хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Хятадын тухайд энэ оны эхний найман сарын байдлаар нийтдээ 486 сая тонн гаруй төмрийн хүдэр импортлоод буй бөгөөд өнгөрсөн сарын импорт 62.4 сая тонн-д хүрчээ.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж