Нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар авто замын улаан шугам, инженжерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд болон барилгын норм дүрэм зөрчиж олгосон газар эзэмшүүлэх, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл болон хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дүүргүүдийн Засаг даргын газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгох заалт оржээ.
Тогтоол зөвхөн хууль зөрчиж баригдаж байгаа барилгуудтай холбоотой. Түүнээс биш хуулийн дагуу үйл ажиллагаа нь явж байгаа компаний үйл ажиллагаанд хутгалдан орохгүйгээр энэ салбарыг зохицуулахаар батлагдан гарлаа. Барилга барих зөвшөөрөл авахад холбогдох албан тушаалтнуудаас 128 гарын үсэг, зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл өгөх учиртай байгууллага, албан тушаалтан тухайн зөвшөөрлийг хэд хоногийн дотор, хэрхэн яаж олгохыг тодорхой болгох, олон шат дамжлага, зөвшөөрлийн тоог цөөрүүлэх талаар тодорхой санал боловсруулан яаралтай ажил хэрэг болгохыг НИТХ-ын төлөөлөгчид анхаарууллаа. НИТХ-ын гурав дугаар хуралдаан дээр 2003 оноос хойш газрыг дуудлагаар худалдах ёстой байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд газрын дуудлага худалдаа зохион байгуулагдаагүй. Засаг даргын захирамжаар тухайн зөвшөөрөл олгогдож байсан байна. Захирамжаар олгогдсон газрын хэмжээг тогтоон тэдгээрийг дуудлага худалдаа зохион байгуулж олгосон бол нийслэлийн төсөвт хэдэн төгрөгийн орлого төвлөрөх байсныг тогтоож, түүнийг нийслэлийн хохирол хэмээн тооцож тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүсээс нэхэмжлэх хэрэгтэй гэсэн санааг төлөөлөгч Ц.Энхцэнгэл хөндөж байв.
НИТХ-ын ээлжит бус гуравдугаар хуралдаан “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Энэ тогтоол батлагдсанаар НИТХ-аас 8-р сард баталсан “Улсын болон нийслэлийн төсвөөр баригдахаас бусад тохиолдолд барилгын ажлыг эхлүүлэхгүй байх” тухай тогтоолыг хүчингүй болголоо. Ингэснээр зөвшөөрлөө албан ёсоор хуулийн дагуу авсан компани, аж ахуйн нэгж барилгаа эхлүүлэхэд ямар нэг хориг саадгүй боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.